Уул уурхай уналаа, гадаадын хөрөнгө оруулалт зогслоо. Эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэв. Эхнэр, нөхөр хоёр ажилтай байгаадаа л олзуурхана. Цалингаараа инфляцыг инээж давах арга чарга юусан билээ. Айл гэрт арвилан хэмнэх тухай яриа өдөр бүр өрнөнө. Гэтэл улс орны хамгийн шилдэг охид, хөвгүүд цугласан гэх УИХ-д юу болж байна гээч. Хямралаас гарах талаар цэц мэргээ уралдуулах атал хижээл насны хоёр гишүүн бие биенээ “царай муутай” гэж өөлж голохыг үзлээ. Тэнд энэ мэт хийх ажилгүй доншуучлагч олон бий. “Аргаа барсан хүү аавынхаа толгойг маажина” гэгчээр юм л бол УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах “их үйлсийн” эрэлд гардаг нь гэм биш зан болжээ.
Хаврын их ажлаа тавдугаар сарын 15 гэхэд нугалчих санаатай тариаланчид маань өдөр, шөнөгүй ажиллаж байна. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн булчирхай. Тариа ногоогоо мартсан улстөрчид Тавантолгойгоор талцаж, нүүрснээс өөр идэж уух юмгүй мэт тамшаалцгааж л байг. Сая тарьсан үр намар талх, төмс болж таваг дүүргэх болтугай. Монголд дандаа л “дайны хажуугаар дажин” болдог. Засгийн газрыг огцруулах ээлжит шуугиан дэгдэж эхэллээ. Экс дарга Н.Алтанхуягийн танхим ажлаа өгч, өнөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “шийдлийн” тодотголтой Засгийн газрыг МАНтай хамтран байгуулснаас хойш яг зургаан сар болж байна.
Ялимгүй ч болов урагш алхаагүй байтал нь харвасан сум шиг хагас жил өнгөрөв. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” уриа нь ч тарамдаж, араасаа хараал урсгасан анхаарлын тэмдгүүдийг ирийлгэлээ. УИХ-ын сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдэв. “Улс төр, улс төр, улс төр” гэж хашгиралддаг цаг айсуй. Эрх баригч АН-ын дарга З.Энхболд, АН-аас томилогдон, сайд нарын танхимыг удирдаж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр одоо хэрхэх бол? Ийм тааруу үед яах ёстой вэ. Засгийн газарт хариуцлага тооцох уу, аль эсвэл ажлыг нь хийлгэх үү.
"ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛ”
Хямрал гаарахаар хошин шог, егөөдөл дагаад гаардаг гэлцдэг. Тэгвэл УИХ-ын ахмад гишүүн Ц.Нямдорж Засгийн газрыг “Зайл” хэмээн хөөлөө. Монголоос, болдог бол бүр дэлхийгээс зайлуулмаар Засгийн газар аж. “Хагас жил харлаа, хангалттай. Ажил хийж чадахгүй хүн” хэмээн Ч.Сайханбилэгийг шүүмжлэхүй түмэн шалтгаан бий нь үнэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээс цухас хөндөхөд л тэр унана. Аль ч Ерөнхий сайд улс төрийн дэмжлэггүй, ядаж өөрийн намаас түшиг тулгуур үгүй бол түүн шиг яван хатах байсан биз ээ. Үнэндээ Ч.Сайханбилэгт хямралтай үеийн Ерөнхий сайдын алба ахдаж буй нь өнгөрсөн хугацаанд тодорхой харагдав. Тэрбээр ард нь асаалттай танк шиг зогсдог ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт болон дээрээс ивээгч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэднийг халаасандаа нэгтгэдэг бизнесийн бүлэглэлд л найдах үлдлээ.
Танхимд хамтарсан МАН-ын хувьд Ч.Сайханбилэгийн танхимын төлөө зүтгэх шалтаг ч олдохгүй. УИХын 2016 оны сонгуулийн өмнө сөрөг хүчний суудал руугаа буцаж л таарна. Яаруу зарим нь намаа яг одоо засгаас гаргахаар шавдуулж буй боловч МАН-д үтэр түргэн зайгаа тавьж өгөхгүй байх ашиг сонирхол мөн бий.
ЗАЙ Ч БИЙ, ЛАЙ Ч БИЙ
АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтээ огт анхаарал халамж үзүүлдэггүй юм гэхэд мөрийн хөтөлбөртөө дүн тавиулахын тулд Засгийн газарт санаа зовниж таарна. Өнөөдөр түүнд Ч.Сайханбилэгийг зайлуулах нь бус, харин Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөсөн Засгийн газар илүү чухал болоод байгаа. Тиймээс Засгийн газрыг огцруулах цаг нь одоо лав биш. “Рио Тинто”-гийн маргаан шийдэгдэх, Тавантолгойн гэрээний төслийг буцаах хүртлээ З.Энхболд Ч.Сайханбилэгийг ажиллуулсаар байх болов уу. МАН АН-тай засагт хамтрахдаа хамгийн гол нь Сонгуулийн хуулийг батлах, хариуд нь Тавантолгойд баримталж буй АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжих тохиролцоо хийсэн.
УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Сонгуулийн нэгдсэн хуулийн тухай төслийг батлуулж амжвал МАН-ын АН-тай хамтарсны хэрэг бүтэх нь. Тиймээс шийдлийн Засгийн газар наадмын өмнө огцрох магадлалтай.
ЗАСАГ ОГЦОРВОЛ...
Засгийн газар огцроход хэн хохирох вэ. “Би, чи”-гээ үзэлцэж буй улстөрчид хохирохгүй. Том улстөрчдийн тоглоом болж буй Ч.Сайханбилэг хохирохгүй. Нэр хүндээ алдаж байгаа АН ч тэгтлээ хохирохгүй байх. Хохирогч нь Монгол юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 250 тэрбум төгрөгөөр тасарч, инфляцын түвшин хоёр оронт руу өгсөж буй мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Гадаад зээлийн хэмжээ аль хэдийнэ дээврээ цоолсон ба өр төлөх хугацаа давчуу тулсан тухай УИХ-д ч, гудамжинд ч амтай болгон халаглаж буй.
Татвар төлөгчид байдгаа хамлаа. Өнгөрсөн гурван жилд одоогийнхоос арай илүү өөдрөгөөр хүлээж байсан иргэдийн итгэл алдрав. Ээжийнхээ цалинг буухаар тэрэгтэй хүүхэлдэй авахуулах байсан бяцхан охин дахиад хэдэн сар хүлээхийг бүү мэд. Зээлээ төлж чадаагүйн улмаас шинэхэн төвхнөсөн орон гэрээ орхиж буй залуу гэр бүл хаачих вэ. Хохирогч нь энгийн иргэд юм.
Б.ЭНХЦЭЦЭГ