Энэ орчлонгийн хамгийн сайхан өнгө эмэгтэй хүн гэдэгтэй маргахгүй биз. Гэтэл тэр сайхан өнгө хорих ангийн хүйтэн хонгил, бүүдгэр өрөөнд гундаж байгаа нь харамсмаар цаанаа л нэг гунигтай юм. Уг нь өглөө эртлэн босож, цай сүүнийхээ дээжийг дөрвөн зүг найман зовхистоо өргөөд, хийсэн хоолыг нь амтархан идэх гэр бүлээ харж, хайртай хүнээсээ цэцгийн баглаа авч, сайхан үг сонсож байвал хэчнээн сайхан бэ.
ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангид очоод ийм л бодол тээж явлаа. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Ц.Оюунгэрэл нар уржигдар тус ангид ажиллан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд ямар зүйл заалт нэмж оруулбал зохистойг судалсан юм. Энд жирийн дэглэмтэй 255, чанга дэглэмтэй 68, баривчлах ялтай найм, нийт 331 хүн ял эдэлж байна. Тэдний дунд хар тамхины хэргээр хоригдсон Филиппин улсын иргэн ч бий.
Бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн 82, бусдын амь нас хохироосон 97, бусдын биед гэмтэл учруулсан 27, хар тамхи зөөж тээвэрлэсэн, хэрэглэсэн 12, бусад зүйл ангиар 109 эмэгтэй ял шийтгүүлж энд иржээ. Хүмүүжигчдийн 218 нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол 43 нь хоёр, 24 нь гурав, 21 хүн дөрөв ба түүнээс дээш удаа давтан гэмт хэрэг үйлджээ. Үүнээс хүндэвтэр 69, хүнд 94, онц хүнд 163, онц аюултай гэмт хэрэгтэн нэг байгаа гэнэ. Тус ангид 1-5 жилийн ял сонссон 125 хүмүүжигч, 6-10 жилийн шийтгэлтэй 120, 11-15 жил хорих ялтай 51, 15-аас дээш суух 31 хүн байгаа аж.
Ял эдэлж буй хүмүүжигчдийн 161 нь 35 хүртэлх насных бол 36-50 настай 131, 50- иас дээш насныхан 35 байгаа юм. Ял эдэлж буй хүмүүсээс 22 нь суурь боловсрол олгох сургалтад хамрагдаж байна. 20 хүмүүжигч барилгын засал чимэглэлийн, 29 нь тогоочийн үнэмлэхтэй болсон гэнэ.
ХЭЦҮҮ НЭРТЭЭС ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭДЭГ ЭМЭГТЭЙ ЦӨӨНГҮЙ БИЙ
Энэ оны эхний улирлын байдлаар тус ангийн үйлдвэр гар урлалын хэсэгт 108, аж ахуйн үйлчилгээнд 64, гэрээт байгууллагад 80, нийт 252 хүмүүжигч ажиллаж байна. Тэдний ажлын хөлсний 50 хувь нь өөрсдийнх нь дансанд ордог гэсэн. Гэхдээ тухайн мөнгөө гэрийнхэндээ явуулж, хэцүү нэртэй энэ газраас гэр бүлээ тэжээдэг эмэгтэй цөөнгүй байгаа аж. 407 дугаар хорих ангийн оёдлын үйлдвэр шулуун оёдлын 34, тусгай зориулалтын тав, эсгүүрийн хоёр машин, уурын дөрвөн индүүтэй. Уг үйлдвэрт ШШГЕГ-ын хэмжээнд ял эдэлж буй хүмүүсийн өвөл, зуны хувцас, цагаан хэрэглэл, хөнжил, гудас үйлдвэрлэдэг юм байна.
Мөн даалин, монгол гутал, хатгамал урладаг нь нэлээд захиалагч, худалдан авагчтай болжээ. Энэ оны нэгдүгээр улиралд тус оёдлын үйлдвэрт зургаан байгууллага, аж ахуйн нэгжээс захиалга авч дээл, хувцас, хантааз, толгойн гоёл, эсгий болон арьсан улавч үйлдвэрлэж байна. Олонх хүмүүжигч хорих ангид ирээд оёдол, хатгамал сурсан гэнэ. Оёдлын үйлдвэрт ажиллаад хоёр сар болж байгаа бүсгүйн хийсэн бүтээлүүд бусдынхаас дутахгүй харагдсан. 50 гаруй настай Л хил дамжуулан хар тамхи зөөвөрлөсөн хэргээр охин, хүргэнийхээ эгчтэй хамт тус ангид 10 жил зургаан сарын ял эдэлж байна.
Мөн түүний хүргэн 15 жилийн ял сонсож эрэгтэйчүүдийн хорих ангид хоригдсон гэнэ. Тэрбээр “Манай хүүхдүүд “Гадаадаас Монгол руу брэндийн бараа авчруулах хүн хайж байна” гэсэн зар интернэтээс хараад холбоо барьсан. Барааг нь зөөнгөө гэр бүлээрээ газар орон үзье гэж яваад ийм айхтар хэрэгт холбогдсон” гэлээ.
ТАВАН НЯЛХ “ХҮМҮҮЖИГЧ”
Тус ангиас гаргаж өгсөн байранд 2-9 насны таван хүүхэд ээжтэйгээ хамт “хүмүүжиж” байна. Мөн өөр нэг өрөөнд жирэмсэн эмэгтэй ял эдэлж буй. Нярай хүүхэдтэй ээжүүдийг тоглоомын өрөө, хүүхдийн тэрэг, хэрэглэл гээд шаардлагатай зүйлсээр бүрэн хангаж өгчээ. Мөн тэнд эмч, сувилагч эх, хүүхдүүдтэй хамт байж эрүүл мэндийн үзлэг, хяналт тогтмол хийдэг юм байна. Хорих ангид хүүхдүүдийг нэг нас хүртэл нь байлгадаг гэнэ.
ЗОВЛОН, ЗОДУУРЫГ ТЭВЧИЖ ЧАДААГҮЙ УЧРААС БУРУУТАН БОЛДОГ
Хорих ангитай танилцсаны дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас бусдын биед гэмтэл учруулсан болон хүний амь хохироосон 16 эмэгтэйтэй уулзлаа. Хүмүүжигч Г “Би хоёр хүүхэдтэй. Манайх суманд хадам ахынхаа хажуу гэрт амьдардаг байсан. Би малаа маллаж, хүүхдүүдээ өсгөж, гэрийн бүх л ажлаа хийдэг. Гэтэл нөхөр маань байнга агсам согтуу тавьж, надад гар хүрдэг байсан. Би хэчнээн орилж, хашгирсан ч хадам ахынхаас хэн ч ирж тусалдаггүй. Мэдээгүй юм шиг л өнгөрдөг. Тэгээд би хүү, охинтойгоо гэрээсээ зугтаж, аймгийн төвд аавындаа очсон. Манай аав бас байнга архи уудаг байсан. Нэг өдөр гэртээ иртэл аав согтуу, аравхан настай охиныг минь өвөртөө оруулчихсан хүчирхийлэх гэж байсан. Тэгээд л би аавынхаа аминд хүрчихсэн байсан” гэв.
Хүмүүжигч А “Нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулсан ч байнга согтуу ирж намайг зодож, хэл амаар доромжилдог байсан. Өөр эмэгтэйтэй амьдарч, нөгөөх нь жирэмсэн байхад хүртэл манайд ирж намайг зоддог байсан. Би цагдаа, хуулийн байгууллагад хэд хэдэн удаа хандсан ч “Та хоёр нэгэнт салчихсан учир үүнийг зохицуулах хуулийн заалт байхгүй” гэдэг. Хүмүүжигч У “Миний бага дүү цэргээс ирээд хүмүүст зодуулаад, сэтгэцийн өвчтэй болсон. Би дүүгээ эдгээх гэж эмнэлгээр олон удаа хөтөлж явсан. Гэсэн ч дүү минь өвчнөөсөө болоод намайг зодож, хэрцгий авирладаг болсон. Бүр хүчирхийлсэн. Энэ бүхнийг эмэгтэй хүн давж гарахад хэтэрхий бэрх байсан” гэж ярилаа. Тэдгээр бүсгүй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсны ул мөр болсон ил, далд янз бүрийн сорвитой.
Гэхдээ хамгийн гүн сорви нь тэдний сэтгэлд нуугдан байгаа нь лав. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийхөө дараа хууль хяналтын байгууллагад хандсан уу гэсэн асуултад тэдний олонх нь бүхнийг ганцаараа даван туулдаг байснаа хэлэв. Мөн цагдаад гомдол гаргахаар нөхрийг нь цагдаагийн хэлтэст аваачиж, 1-2 цаг гавлаж байгаад явуулчихдаг, удлаа гэхэд 14 хоног л хорьдог. Ингэсний дараа эрчүүдийн ааш авир улам балмад болдог учир сүүлдээ цагдаад хандахаас ч айдаг байснаа ярилаа. Мөн нөхөр болон гэр бүлийн бусад гишүүн нь бэлгийн дарамт учруулсан талаар цагдаагийн ажилтанд гомдол мэдүүлэхэд тоглоом шоглоом мэт хүлээж аваад, хэрэгсэхгүй орхидог байсныг ч тэд ярьсан.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тэднээс “Аргагүй хамгаалалт хэрэглэсэн хэмээн ял хөнгөрүүлсэн хүн байна уу” гэхэд бүгд “Үгүй” гэв. Тэд өмнө нь гэр бүлийнхээ хүнд зодуулж, гэмтэж байсан тухайгаа мөрдөн байцаагчид хэлэхэд “Тухайн үед нөхрөө хариу цохиод авмаар санагдаж байсан уу” гэж асуусан гэнэ. “Тийм” гэж хариулсан тохиолдолд өмнө нь зодуулсандаа хорсож, өс хонзонгийн сэдлээр бусдын амь хөнөөсөн зүйл анги хавтаст хэрэгт нь бичиж, 3-5 жилийн ял нэмдэг гэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл эхнэр, нөхөр гэсэн сайхан нэрийн дор халхлагдан, даамжирч, эцэстээ үхэл, эсвэл шоронгийн хаалга татах л үлддэг нь харамсмаар. Зовлон, зодуурыг тэвчиж чадаагүйнх нь төлөө тэднийг яллах нь хэр зөв бол. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар гишүүн эдэнтэй адил зовлон амсаж яваа эмэгтэйч үүдийг хэрэгтэн болохоос нь өмнө аварч, хамгаалах дорвитой заалт тусгаж өгөх биз ээ.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ