Мөнгөн ус ашиглан, алт олборлосон хэргийг Баянхонгор аймгийн шүүх хэлэлцэн шийдвэрлэв. Тус аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутагт иргэн С.Г нь 2012 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2013 оны тавдугаар сарын 1 хүртэл, Баян-Овоо сумын II багт байрлалтай Хүдэр баяжуулах цехэд 2013 оны дөрөвдүгээр сарын 10-21-ны хооронд зөвшөөрөлгүйгээр мөнгөн ус ашиглан, алт бариулж байжээ.
Тэрбээр химийн хорт бодис ашигласнаар байгаль орчинд 8.152.780 төгрөгийн хохирол учруулсан байна. Түүний энэ хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Сум дундын гуравдугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Г-д хоёр жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дэх хэсгийг журамлан уг ялыг жилийн хугацаагаар тэнссэн байна.
Х.ЭРХЭМ