Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын 10 хоног “ Хүүхэд бүрийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулья” уриан дор тавдугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Нэмэлт дархлаажуулалтад зургаан сартайгаас таван нас 11 сар 29 хоног хүртэлх насны хүүхдийг хамруулах бөгөөд энэ үер витамин А уулгах юм байна.
Мөн заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон болон алслагдсан дүүрэг, хорооны зорилтот бүлгийн хүүхдийг бүртгэн уг 10 хоногийн үер нэмэлтээр дархлаажуулна.
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын ( УГУ) эсрэг вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн ч нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах аж.
2015 оны дөрөвдүгээр сарын 15-наас хойш буюу сүүлийн нэг сарын дотор улаанбурхан, гахайн хавдар, улаануудын (УГУ) болон бусад вакцин хийлгэсэн хүүхдэд улаанбурханы вакциныг нэг сарын зайтай тарина. Нэмэлт дархлаажуулалтыг дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд хийнэ.