МУИС-ийн Олон улсын харилцааны нийгмийн ухааны сургуулиас “Дүрвэгсдийн асуудал” сэдвээр НҮБ-ын загвар хуралдааныг зохион байгуулж байна.
11 дэх жилдээ болж буй тус арга хэмжээнд ОУХНУС, “Их Засаг” их сургууль, “Тагнуулын Академи”-ийн 150 гаруй оюутан оролцож байна.
НҮБ-ын загвар хуралдааныг дэлхийн томоохон их дээд сургуулиуд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай улсад анх 2004 онд МУИС-ийн багш Ж.Баттогтох санаачлан явуулжээ. Сүүлийн жилүүдэд уг арга хэмжээ улам өргөжин, бусад их дээд сургуулийн оюутнуудыг хамруулдаг болсноороо онцлогтой юм. Дээрх арга хэмжээ нь МУИС-ийн оюутнууд “Хурлын дипломат ажиллагаа”, “Олон улсын эрх зүй” хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практикаар баталгаажуулах, олон улсын хуралд оролцох дадлага туршлага эзэмшихэд өгөөжөө өгч байна.
“Дүрвэгсдийн асуудал” сэдвээр НҮБ-ын загвар хуралдаанд оролцсон багуудын танилцуулсан илтгэл, төлөөлж буй улсынхаа талаар хэр мэдлэгтэй, тухайн улсын байр суурийг хэрхэн хамгаалж байгааг харгалзан шүүгчид шилдгүүдийг тодруулна. Оюутнууд 22 орныг төлөөлөн оролцож байна.