Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэгд ордог бөгөөд ид хөдөлмөрлөх болон нөхөн үржихүйн насныхан үүгээр өвчилж, сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүний тоо нэмэгдэж байгааг албаныхан хэллээ. Тиймээс Засгийн газар, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл болон ДЭМБ-ын санхүүжилтээр сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох нь” үндэсний судалгааг 2012 оноос орон даяар үе шаттайгаар зохион байгуулж буй. Тэгвэл өнөө жил сүрьеэгийн тархалт судалгааг Төв аймгийн Зуунмод сумаас эхлүүллээ.
Өнгөрсөн онд нийслэлийн найман дүүргийн 45 хороо, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын тус бүр гурван багт сүрьеэгийн тархалтыг судалжээ. Үүний урьдчилсан дүнгээс үзэхэд 15 ба түүнээс дээш насны 100 мянган хүн тутмын 567 нь сүрьеэтэй байгаа нь жилд бүртгэгддэг ийм өвчтэй хүмүүсээс 3.7 дахин олон байгаа аж. Энэ онд 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 23500 хүнийг тархалтын судалгаанд хамруулахаар төлөвлөжээ.