Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд гал түймэр болон болзошгүй аюулд олноор өртөх болсон. Тэдэнд онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах, гамшгийн аюулаас урьдчилдан сэргийлэх талаар анхан шатны мэдлэг олгох зорилгоор Хотын даргын А/359 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсролын газартай хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Найзуудаа үүнийг мэдэх үү” хоёр үе шаттай уралдаан зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Уралдаанд оролцсон багачууд гал түймэр, гамшиг осол үүссэн үед өөрийгөө болон нөхдийгөө хэрхэн аврах, хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, дадалд суралцжээ. Сургууль, цэцэрлэгийнхээ таних тэмдэг бүхий хувцсаар жигдэрсэн, гартаа эмнэлгийн тусламжийн цүнх атгасан нийслэлийн долоон цэцэрлэгийн 140, ерөнхий боловсролын есөн сургуулийн 72 хүүхэд бусаддаа мэндчилгээ дэвшүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр жүжигчилсэн тоглолт бэлтгэх, асуулт хариулт зэрэг 11 төрлөөр оюун ухаан, авьяас чадвараа сорьсоноос нэгдүгээр байрт Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, хоёрт Баянгол дүүргийн 113 сургууль шалгарсан бол Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль удаалж, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.