АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд Төвбанк нь бодлогын хүүгээ нэмэх хэмжээнд хүртэл эерэг гарахгүй байгаа. Улмаар Холбооны нөөцийн сан ирэх сард бодлогын хүүгээ нэмэхгүй гэсэн хүлээлт зах зээлд бий болоод байгаа гэнэ. Тус улсын худалдан авагчдын хандлага тийм ч эерэг гараагүйгээс үүдэн өнгөрсөн баасан гаригт алтны фьючерс ханш нэмэгдсэнийг “Reuters” мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт дээрх ханш гурван хувиар өссөн нь нэгдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Өмнөх долоо хоногийн эцсээр зургадугаар сард худалдан авах алтны ханш 10 центээр өсөн, унци нь 1225.3 ам.доллартай тэнцсэн аж. Бас спот ханш нь хоёр хувиар дээшилж унци нь 1220 ам.доллартай дүйсэн байна.
Евротой харьцах ам.долларын ханш суларсан нь шаргал металлын ханшид мөн эергээр нөлөөлжээ. “AvaTrade” компанийн ахлах шинжээч Наем Аслам “Энэ улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлтийг илэрхийлэх тоон үзүүлэлтүүд хангалттай эерэг байгаагүй. Иймээс ам.долларын ханш сулрах байх. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхгүй байх нь алтны үнэд дэм болно” гэж ярьсан байна.