Манай улсад иргэний агаарын тээврийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. “Ю-15” загварын нисэх онгоц Консулын дэнжид 1925 оны тавдугаар сарын 25-нд бууснаар энэ салбарын цаг тоолол анх эхэлсэн аж. 1956 онд ЗХУ-аас АН-2 загварын таван онгоц авч, зорчигч тээвэрлэж эхэлснээр одоогийн МИАТ ХК-ийн суурийг тавьжээ. Өнгөрсөн хугацаанд тус компани хоёр хөрш болон Япон, БНСУ, Герман зэрэг таван орны есөн хотод тогтмол нислэг үйлдэж, агаарын хөлгийнхөө бүх засвар үйлчилгээг өөрсдөө хариуцдаг манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч болтлоо өсөж дэвжээд байна.
НҮБ-ын Аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны газраас МИАТ ХК-ийг дэлхийд энэ салбартаа тэргүүлэгч “Корэйн эйр”, “Эйр Чайна”, “Туркиш эйрлайн” зэрэг компанитай ижил түвшинд үнэлж, НҮБ болон олон улсын байгууллагын ажилтнуудад үйлчлэхийг зөвшөөрсөн аж. Үүнээс гадна тус компанийн Засвар үйлчилгээний газарт Европын холбооноос аль ч орны агаарын хөлгүүдэд засвар, үйлчилгээ хийх эрх өгчээ. Энэ нь манай улсын иргэний агаарын тээврийн салбар дэлхийн энд хүрснийг харуулж байна гэж МИАТ компанийн удирдлагууд онцолж байгаа юм. Салбарынхаа түүхэн ойг энэ мэт амжилттай угтаж байгаа МИАТ ХК-ийн хамт олон өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, баяраа харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ тэмдэглэлээ.
Энэ үеэр нисэх онгоцны загварын үзүүлбэр, “Нэг сая мод” хөтөлбөрийг дэмжин мод тарих зэрэг олон арга хэмжээг тус компаниас зохион байгуулав. Энэ үеэр МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “Бид нойтон түрээс буюу гадаад оронд давхар түрээсийн нислэгийг өнгөрсөн онд анх удаа хийлээ. Мөн компанийн инженер техникийн албаны бүрэлдэхүүн Саудын Араб улсад агаарын хөлгийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллалаа. Манай компанийн нисэх баг өнөөдөр (өнгөрсөн баасан гариг) Чех улс руу түрээсийн нислэг хийхээр явж байна. Үүнээс гадна ойрын хугацаанд Европ болон Азийн орнуудад шинээр нислэг хийх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ. Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч МИАТ компани агаарын хөлгөөс гадна, нисэх бүрэлдэхүүн, онгоцны засвар үйлчилгээ, даатгал зэргийг хариуцаж ажиллахыг хэлдэг.
Энэ хүрээнд тус компани одоо түрээсээр ашиглаж байгаа 189 хүний суудалтай “Боинг-737” агаарын хөлгөө Чех улсын “Трэвел сервис” компанид таван сарын хугацаанд давхар түрээслүүлэхээр болжээ. Уг гэрээний дагуу МИАТ-ын нисгэгч, инженер, үйлчлэгч гээд 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Чех улсыг зорьсон байна. Энэ нисэх баг Европ, Хойд Африк болон ОХУ-ын 38 чиглэлд 1750 блок цаг нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Тус компани өмнө нь Бангладеш улсад нойтон түрээсийн гэрээгээр ажиллаж байсан юм. Өнгөрсөн онд МИАТ ХК ам.долларын ханшийн зөрүүнээс үүдэн 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Харин энэ онд Ази, Европын орнуудад 57 нэмэлт нислэг хийх гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн компанийнхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд Ази, Европын олон орон руу 100 гаруй нэмэлт нислэг хийхээр ажиллаж байгаа гэнэ.
Энэ үеэр Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасангаас дараах тодруулгыг авлаа.
-МИАТ-д ямар шинэчлэл хийх вэ?
-МИАТ ХК өнгөрсөн хугацаанд нислэгийн олон шинэ чиглэл нээсэн. Мөн агаарын шинэ хөлөгтэй болсон. Цаашид Зүүн өмнөд Ази болон Америк руу нислэг хийхээр судалж байна. Мөн Бээжингээр дамжиж Бангкок, Чэжү арал руу, Хойд туйлаар дамжин Канад руу хийх нислэгийн чиглэлийг судалж байгаа. Мөн Парис, Лондон руу нислэг хийх боломж хайж эхэлсэн.
-Олон шинэ нислэг хийхэд энэ компанийн хүн хүч болон техник хүрэлцэх үү?
-МИАТ ХК олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагыг хангасан, мэдлэг чадвартай ажилчидтай. Тус компани “Боинг” компанитай гэрээ байгуулж 2017, 2018 онд “Боинг-737” агаарын хөлөг нэмж авахаар болсон. Тэгэхээр нислэгийн шинэ чиглэл нээхэд МИАТ ХК-ийн хүний нөөц болон техникийн хүчин чадал хангалттай гэж хэлж болно.
Н.САНЖААСҮРЭН