-“Замч брэнд” биднийг хөтөлнө-
Сайхан балет, жүжиг, дуурь, гарамгай уран бүтээлчдийн концерт үзсэний дараа танхим дүүрэн “Браво” гэж хашгирмаар болдог доо. Яг ингэж хашгирмаар, “Баярлалаа, браво”-г харамгүй урсгаж, талархаж баярлахаас аргагүй нэгэн том үйлсийг “Замч брэнд” төслийн хүрээнд хэрэгжүүлж эхэлжээ.
Үндэсний үйлдвэрлэл болон үйлдвэрлэгчдээ дэмжих нь аль ч улсын хувьд хөгжил дэвшлийн гол хөшүүрэг гэж үздэг. Үүнээс гадна аливаа улсын эдийн засгийн өсөлтийн нэг чухал үзүүлэлт нь тогтвортой худалдааг түшиглэн хөгждөг явдал. Тэгвэл энэ хоёр чухал гаргалгааг тод илтгэсэн нэгэн үйл явдал энэ сарын 15-нд урд хөршийн Эрээн хотод болов. Энэ бол хязгааргүй зах зээлийн хөтөч буюу Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих гол зорилготой “Замч брэнд” төслийг танилцуулах арга хэмжээ байлаа.

МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Засгийн ордон хамтран анх удаа Монголын экспортын барааны үзэсгэлэн худалдааг Эрээнд энэ сарын 15-нд нээсэнтэй энэ үйл явдал давхцсанаараа онцлог болсон юм. Нэг сумаар хоёр туулай “агнах” сайхан боломж гэсэн үг. Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэмжин, сурталчлах зорилготой үзэсгэлэн худалдаанд оролцогч манай 150 аж аж ахуйн нэгжийн төлөөллүүд “Замч брэнд” төслийн үйл ажиллагаатай давхар танилцаад авсан юм.


Энэ чухам ямар төсөл вэ гэхээр, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд онцгой сайхан нөхцөлтэйгөөр гаргах маш том алхам гэж болно. Тус төслийн хүрээнд Эрээн хотод үйл ажиллагаа явуулах Монголын бизнес эрхлэгчдийн Худалдааны төв, оффис, ажилчдын байр, барааны агуулах гээд бүгдийг цогцоор нь шийдэж, бэлтгэж байгаатай манай бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид болон хэвлэлийнхэн очиж танилцлаа.

Эрээн орж үзээгүй монгол хүн ховор биз. Тэр дундаа тавилгын төвийг нь мэдэхгүй хүн үгүй байх. Тэгвэл Эрээний тавилгын агуулах, 4770 гаруй ам метр талбай бүхий гурван давхар худалдааны төв, түүний эргэн тойронд байгаа дотуур байр зэрэг зарим барилга, объектыг Монголын тал, бүр тодруулбал, “Замч брэнд”-ийнхэн Эрээн хотын Засгийн ордон, “Шунлян” групптэй тохиролцон, гэрээний дагуу 20 жил эзэмших болжээ. Энгийн үгээр тайлбарлах юм бол ингэснээр чөлөөт бүсийн Эрээн хотод Монгол Улсын “эзэмшил” газар бий болж байгаа хэрэг юм. Энэ бол Монгол Улс эдийн засгаа солонгоруулж, үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх том боломж юм.

“Замч”-тай хамт алхсанаар манай үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагааны хүрээгээ тэлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээлд борлуулах, бизнесийн хамтрагчаа сонгох, ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Энэхүү төслийн зөвлөх Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эрээн хот дахь Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн худалдааны төвийн тохижилт, засварын ажилтай танилцлаа. Ер нь энд үйл ажиллагаа, худалдаа эрхлэхийг хүссэн хүмүүс юуны өмнө лангууны талбайн түрээсийг сонирхох нь лав.
-Бидний барьж буй гол зарчим, зорилго бол үндэсний үйлдвэрлэгчдээ гадаадын зах зээлд таатай нөхцөлтэйгөөр гаргах явдал юм. Энэ утгаараа “Замч” төслийн хүрээнд гэрээгээр эзэмших болсон Эрээн дэх Худалдааны төвийг бид талбайн түрээсгүйгээр ашиглуулна. Тухайн аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ оруулж ирээд л зарна. Дээрээс нь энд үйл ажиллагаа явуулах байгууллагууд монгол худалдагчтай байх ёстой гэсэн үүрэг хүлээх бөгөөд тэднийг нь амьдруулах байрыг бид мөн л үнэ төлбөргүй өгнө.
-“Замч брэнд” төсөл санаачлан, хэрэгжүүлэгч нь хувийн хэвшлийнхэн гэсэн. Хувийн компани үндэсний үйлдвэрлэгчдэд ийм онцгой хөнгөлөлт эдлүүлээд, хөрөнгө цацахаар ашиг олох асуудал нь хөндөгдөх юм биш үү?
-Бид ашиг харахаасаа урьтаж Монголынхоо үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилго тавьсан. “Шунлян” компанитай хийсэн гэрээгээр бид Эрээн дэх барилга, объектуудыг 20 жил ашиглана. Энэ хугацаанд “Замч” төвөөр дамжуулан Монголын бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд брэнд болгохыг л зорьж, хүссэн. Манай төслийн ач холбогдол энэ. Ашгийн хувьд гэвэл аж ахуйн нэгжүүдийн борлуулсан бараа бүтээгдэхүүнийнх нь орлогоос тодорхой хувь авахаар төлөвлөсөн. Гэхдээ бүгдээрээ адил төлнө гэсэн үг биш шүү дээ. Тухайн байгууллага ямар үйл ажиллагаа явуулж, ямар бүтээгдэхүүн борлуулж байгаагаас шалтгаалаад янз бүр байх нь мэдээж.
-Манай үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хил гаалиар гаргахдаа ямар нэгэн хөнгөлөлт эдлэх болов уу?
-Си Зиньпин дарга манайд айлчлах үеэр Монголын талаас тавьсан гол асуудлын нэг нь энэ шүү дээ. Үүний ачаар урьдчилсан яриагаар бол Монголын бүтээгдэхүүнийг эхний ээлжинд татвараас 50 хүртэл хувь хөнгөлнө гэсэн. Ингэхээр манай үйлдвэрлэгчдийн ашиг орлого нэмэгдэх нь гарцаагүй.
-Эрээнд ажиллаж, амьдардаг монголчуудын тоо олширч байгаа гэсэн. Ийм төсөл хэрэгжүүлэгчийн хувьд энэ талаар танайх судалсан уу?
-Бид үйл ажиллагаа явуулж байгаа тухайн газартаа амьдарч байгаа монгол хүмүүсийнхээ талаар судалсан. Эрээн хотод 100 гаруй монгол өрх амьдарч, ажиллаж байна. Нэг өрх гэхээр дор хаяж 2-3 хүнтэй байгаа. Тэднээс нэлээд нь үл хөдлөх хөрөнгө, байр сууц, өөрийн гэсэн компанитай гэсэн судалгаа бий. Манай төсөл үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахыг зорьсон. Зөвхөн Эрээний зах зээлээр хязгаарлагдахгүй. Энэ бол зөвхөн эхлэл.
-Танай төслийн ерөнхий менежер Т.Болорын мэдээлснээр Эрээн хотод байрлаж буй “Замч” худалдааны төвд монгол үндэснийхээ онцлогийг харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, бараагаа цаг хугацаанд нь тогтмол нийлүүлэх чадвартай байх гэсэн үндсэн шалгуурт нийцсэн 70-100 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ төвийг яг хэзээ нээх вэ. Танайхтай хамтран ажиллахыг хүсвэл хаана хандах вэ?
-Ирэх долдугаар сарын 15-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн. “Замч брэнд” төсөлд хамрагдахыг хүссэн хүн бүр, аж ахуйн нэгжүүдэд бид нээлттэй мэдээлэл өгнө. Бүртгэл маань эхэлсэн. Манайх “Peace” таурт байрлаж байгаа. Мөн www.zamch.mn сайтаар мэдээлэл авах боломжтой.
Эрээн хотод болсон дээрх үйл ажиллагаатай танилцсан үндэсний үйлдвэрлэгчдийн олонх нь дэлхийн зах зээлд Монголынхоо бүтээгдэхүүнийг гаргах энэхүү төсөлтэй хамтран алхахаар шийдсэнээ дуулгаж “Бидний хүсэж, тэмүүлсэн ажилд түлхэц өгч, дэм болох аятайхан ажил эхлүүлж байгаад талархаж байна. Өмнө нь энэ төслийн талаар сонссон. Гэхдээ зүгээр л яриад байхаар чихэнд нэг их наалдахгүй байсан юм. Харин яг газар дээр нь ирж, ажлын явцтай танилцаж, бодитоор харахаар итгэл үнэмшил төрлөө. Ер нь мөрөөдөл мөд биелэх нь гэж дүгнэлээ” хэмээсэн юм.
Ж.ЭРДЭНЭ