Засгийн газраас “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацын захиалгаар Архангай аймагт эхний ээлжийн 120 айлын орон сууцны “Булган хангай” хороолол барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус хороололд байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажилласан байна. Тус хорооллын зураг төслийг “Очир тааб” компани боловсруулсан бол “Хасу мандал” компанийнхан барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн оны зургадугаар сард уг хорооллыг барьж эхэлсэн юм. Тус бүр нь таван давхар 40 айлын орон сууцны гурван барилгыг эхний ээлжинд ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус хорооллын хоёр өрөө орон сууц нь 42.4-44.49 ам метр, гурван өрөө нь 54.93 ам метр талбайтай юм байна.