Төрийн орон сууцны корпорацын захиалгаар “Буянт-Ухаа 2” хорооллыг өнгөрсөн оны тавдугаар сарын 30-наас барьж эхэлсэн. Уг ажлыг дотоодын таван компанийн нэгдэл болох “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац” гүйцэтгэж буй юм. Тус корпорацынхан нийт 48 барилга барихаас өдгөө 31-ийнх нь үндсэн бүтээцийг дуусгажээ. Эхний ээлжинд ашиглалтад оруулах 22 орон сууцны барилгын гадна засал 90, дотор засал 21, инженерийн шугам сүлжээний ажил 50 хувьтай, барилга угсралтын ажил бүхэлдээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Эхний ээлжийн ашиглалтад оруулах 22 орон сууцны барилгыг энэ оны III улиралд буюу ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Тус хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар 240 хүүхдийн, хоёр давхар цэцэрлэг нэг, 400 автомашины багтаамжтай, долоон давхар нэгдсэн зогсоолтой байх юм. Мөн 22 барилгын 15 блок бүр нь тус бүртээ зоорийн давхартаа 90 автомашины зогсоолтой юм байна. Үүнээс гадна барилга барилга бүрийн нэгдүгээр давхар нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарцтай учир дээд давхруудынхаа өрөөний зохион байгуулалтын талбайн хэмжээнээс ялимгүй зөрүүтэй байх гэнэ.