- Засгийн газрын хуралдааны танхимд цахилгааны богино холболт үүссэнээс гал гарсан байж болзошгүй гэв -
14.40 цаг. Улсын онцгой объект болох Төрийн ордонд өчигдөр гал гарлаа. Хоёрдугаар давхрын баруун жигүүрт Засгийн газрын хуралдааны танхимд гал гарч, хамгаалалтынхан түргэн авсан байв. Хуралдааны танхимын хаалгыг хааж, үүдэнд нь хамгаалагч зогсчээ. Утаа гуравдугаар давхарт бүр их дэгдсэн байв. Тэнд УИХ-ын дарга З.Энхболдын, дөрөвдүгээр давхарт нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн өрөө байрладаг юм.
14.50 цаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ирж юу болсныг сонсов. Хамгаалагч хаалга онгойлгож, “утаат өрөө”-г түүнд харуулаад үйлчилгээний ажилтныг дуудсан. Үйлчлэгч бүсгүй “Цахилгааны утсанд богино холбоо үүссэн, цахилгаанчин ирээд явсан” гэсэн тайлбар өгсөн юм. Хамгаалалтын албаныхан ч мөн цахилгааны утсанд богино холбоо үүссэнээс гал гарсан гэсэн тайлбар өгч байлаа. 14.00 цагийн орчимд Төрийн ордонд цахилгаан тасарсан юм. Удалгүй Шадар сайд У.Хүрэлсүх ирж юу болсныг асуучихаад явав. УИХ-ын зарим гишүүн ч бас тэр хавиар эргэлдэж, юу болсныг сонирхож байлаа.
15.10 цаг. “Сонирхох” хэмжээнд байсан утаа бүр газар авч, угаартаж мэдэх нөхцөл үүсчээ. Тиймээс Төрийн ордны хамгаалалтын албаныхан хүмүүсийг яаралтай гаргахаар ажиллаж эхлэв. Мэдээж Аврах ангид дуудлага хэдийнэ өгсөн байсан аж. Түрүүчийн машины дохио хангинаж эхэллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах X ангийнхан ирж, дүрэлзэж буй галыг хэдхэн минутад унтраасан. Ингээд сандарсан хүмүүс ордныг орхиж эхэллээ. Гэвч Төрийн ордны баруун, зүүн захын жигүүрт юу болсныг мэдсэн хүн цөөн байсан. Төрийн ордон улсын онцгой объект хэдий ч тэнд галын дохиолол байдаггүй аж. Хамгаалалтын албаныхан л “Ордныг орхино уу” гэсэн сануулга өгч байсныг эс тооцвол ямар ч дохиолол дуугарсангүй. Зарим ажилтан нь Ордонд гал гарч “бөөн юм” болж байгааг фэйсбүүк, твиттер хуудаснаас мэдээд гарч гүйснээ ярьж байлаа.
15.20 цаг. Ордноос хүмүүсийг гаргаж, дүрэлзэж байсан галыг унтраасан ч утаа нь цаг гаруйн турш уугисан. Тэр хэсгийн цонхыг дэлгэж, улмаар галын машин нэмж ирлээ. Энэ үед Төрийн ордонд гаднаас хөл хорьж, баруун, зүүн талынх нь автозамыг хаасан юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Баярсайхан, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл, Монгол Улсын сайд М.Энхсайхан тэргүүтэн ордны гадна зогсож хэсэг ажигласан бол зарим нь шууд л машинаа унаад “эмзэг бүс”-ийг орхин явж байлаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас ямар мэдээлэлтэй байгааг тодруулахад “Тохиолдлоор гал гарч байгааг харсан. Жил бүр Сонгинохайрхан дүүргийн төгсөх ангийн 1000 сурагч чуулга уулзалт хийдэг юм. Дараа нь Чингисийн талбай дээр дурсгалын зураг авахуулахаар гартал Төрийн ордны хоёрдугаар давхрын баруун жигүүрийн зүүн хэсгээс гал гарч байсан. Тэгээд сандарч, ийш тийш дуудлага өглөө. Сүрхий утаатай байна” гэв.
16.20 цаг. Төрийн ордон аюулгүй болж, галыг бүрэн унтраажээ. “Хөөгдсөн” ажилтнуудыг буцаан нэвтрүүлснээр ажил үргэлжлэв. Энэ өдөр өнөөх шатсан танхимд Засгийн газрын ээлжит хуралдаан болох байсан. Гэвч гал гарч, зарим хэсэг нь ашиглалтаас гарсан тул хуралдаан дөрөвдүгээр давхрын зүүн булан дахь Нутгийн удирдлагын танхимд болсон юм. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр “Гал бүрэн унтарсан, өөр тийш тархаагүй. Гал гарсан шалтгааныг ойрын үед тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргана” гэсэн тайлбар өглөө. Галд азаар хэн нэг хүн өртөөгүй өнгөрчээ.
С.УУЛ