Өмнөд Солонгост оршин суугаа түүнд хүсэх, сануулах, шаардах эрх бий. Төрийн тэргүүн асан Н.Энхбаяр Монгол Улсын иргэний харъяаллаасаа татгалзаагүй байгаа цагт эндхийн улс төр хараа хяналтаас нь хаа холдоо аж. Эгзэг нь таарвал Засгийн газрыг ч огцруулах “боломж” түүнд олддог билээ. Н.Алтанхуяг яалаа, гар бариад л “будаа” болсон шүү дээ. Улс төрд хаан байсан түүний нэр нөлөөгөөр УИХ-д сонгогдсон гишүүд далайн чанадаас илгээмж хүлээдэг чухал үүрэгтэй. Энэ удаа Н.Энхбаяр Монголын улс төрд нэгэн сюрприз бэлдсэн бололтой. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихаар судалж байгаагаа өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ. Тэрбээр “Ерөнхий сайд улс орныг эдийн засгийн хүндрэлээс гаргах талаар дорвитой ажил хийхгүй байна. Уул уурхайн хоёрхон компанид түшиглэн эдийн засгийг сэргээх тухай ярьж байгаа нь хангалтгүй ажиллаж буйнх нь нотолгоо” гэв.
Их улс төрд шинэхэнд тооцогдох О.Баасанхүүг засаг огцруулах том амбийцтай жааллаа гэхээр хүмүүс басангуй хандаж байгаа нь ч үнэн. Гэхдээ О.Баасанхүүгээр л яриулсан болохоос биш захиалагч нь хэн бэ гэсэн асуулт улс төр сонирхогчдыг талцуулж байна. Нэг хэсэг нь З.Энхболдыг хардаж, нөгөө зарим нь Н.Энхбаярыг “буруутгана”. Цаад эзэн нь том бол улс төрийн байдал тогтворгүй энэ өдрүүдэд чулуу болж мэдэх захиалга. УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг дүгнэх Ажлын хэсэгт О.Баасанхүү намаа төлөөлөн ажиллаж байгаа юм. Энэхүү Ажлын хэсэгт орсныхоо дараахан Засгийн газрыг огцруулах асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан нь О.Баасанхүүгийн ард З.Энхболд байж болох таамгийн шалтгаан болоод байгаа.
АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гэвэл МАХН-гүйгээр учраа олж дөнгөхүйц эрх мэдэлтэй тул үүнийг Н.Энхбаярын нүүдэл гэж харах нь илүү бодитой болов уу. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Миний бие энэхүү ард түмний өмчийг (Тавантолгойн ордыг хэлэв) хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд УИХ, Засгийн газар дахь өөрийн намын төлөөллөөр дамжуулан шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно” хэмээсэн нь бий. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль тогтоох байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байна. Парламентад олон жил суусан туршлагатай хуульчид сэдэв бүрийг шүүрээд байдаггүй, асуудалд нэлээд цөлх ханддаг. Тэд том намаас сонгогддогтоо ч тийн догь суудаг байх. Мань О.Баасанхүү бол би л хуульч гэсэн шиг юм юмны араас гүйж, хөөцөлдөж явдгаараа анхны жилдээ л бяцхан “од” болоод амжсан. Тэр одоо дуулиан шуугианд дурладаг, популист хандлагатай гэхчлэн хөнгөмсөг ч байж болох шүүмжлэлээр буудуулж сурчээ.
О.Баасанхүү Өмнөд Солонгос дахь даргатайгаа сайдаж, заримдаа муудаж, харилцаа нь тогтворгүй байдаг талаар хэвлэлүүд мэдээлдэг. Гэхдээ УИХ-ын дараагийн сонгууль ойртсон учраас МАХН-ын ганц лидер Н.Энхбаяраас урвах бодол түүнд одоогоор үгүй биз ээ. АН-аас салсан М.Энхсайхан, МАН-ыг орхисон Н.Энхбаяр нарыг нэгтгэсэн 2012 оны сонгуулийн өмнөх улс төр Тавантолгойгоос болж задрав. “Шударга ёс” эвсэл Тавантолгойн асуудлаар эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлж, МҮАН-ынхан М.Энхсайханы байр сууриар “Энержи ресурс”-ийг дэмжихээс аргагүйд хүрээд буй. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дүгнэх Ажлын хэсэгт МАХН-ыг төлөөлөн орсон О.Баасанхүү тэнд Н.Энхбаярын байр суурийг уламжилж буй. О.Баасанхүү яг нэг сарын өмнө Монгол Улсын сайд, Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгох Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханыг огцруулах асуудлыг тавихаа илэрхийлж байсан бөгөөд энэ удаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцохоор хөдөллөө.
Тавантолгойн орд Н.Энхбаярын хувьд алдаж болохгүй улс төр юм. Түүнийг ерөөс Тавантолгойн авторуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. “Тавантолгойн лицензийг улсад буцааж авах асуудлыг санаачилж, лиценз эзэмшигчтэй нь (Сү.Батболдыг хэлэв) ярилцаж, ятгаж, шахаж, Засгийн газарт чиглэл өгч хэрэгжүүлсэн хүн нь би юм” гэж Н.Энхбаяр хэлсэн нь өөрийгөө үнэд оруулах гэж хөөргөсөн худал мэдэгдэл биш. Тиймээс түүнд Тавантолгойн хувь заяа хааш эргэх, үүнийг тойрсон ямар улс төр өрнөх нь хамгийн их хамаатай санагдаж байгаа нь тодорхой. Монголын улс төрд хаан байх ахуйдаа төрд буцааж авсан Тавантолгойг нь М.Энхсайхан “Энержи ресурс” компанид тендерийн бус аргаар өгөхдөө урьдын түншлэлээ санаж өөртэй нь зөвлөөгүйд, улс төрийн хувьд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай МАХН-аас дэмжлэг хүсэхгүй байгаад тун ч таагүй хандах нь мэдээж.
Тавантолгойн асуудлаар тохиролцохыг хүссэн мессеж нисэн ирнэ хэмээн гурав дахь Ерөнхийлөгч маань хүлээж байсан болов уу. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү Н.Энхбаярын Тавантолгой дахь сонирхлыг Ч.Сайханбилэгт сануулах гэж гарын үсэг цуглуулахаар шийдсэн хэрэг. Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тавантолгой дахь байр суурь М.Энхсайханыхтай давхцаж буйд бүр их эгдүүцэж байгаа. УИХ-д суудалтай намын даргын хувиар, Тавантолгойг өөрийнхөө нэртэй салшгүй холбоотой гэж үздэгийн хувьд Н.Энхбаяр удахгүй Монголдоо морилж ч мэднэ.
Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурж тогтоолын төсөл өргөн барьсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломжтой. О.Баасанхүүд одоо таван гишүүн гарын үсгээ өгөөд байгаа юм билээ. МАН-ын Ж.Энхбаяр, Ц.Нямдорж зэрэг Засгийн газрын ажилд сэтгэл дундуур байгаа гишүүний гарын үсгийг нэмж цуглуулж чадвал Ч.Сайханбилэгийн албан тушаалын асуудал УИХ-ын дарга З.Энхболдын гарт ороод ирэх юм. З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын харилцаа муу байгаа боловч удахгүй болох сонгуульд намаа удирдаж орох лидерийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах Н.Энхбаярын тоглоомонд З.Энхболд улс төрийн хандив өргөхгүй болов уу.
Б.ЭНХЦЭЦЭГ