Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай бор шувуу цагдаагийнхны дунд ниссээр удаж байна. Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг томилогдохоос өмнө Р.Чингисийг Ерөнхий сайд ЦЕГ-ын даргаар томилсон нь эрх бүхий хоёр албан тушаалтны дунд маргаан дэгдээж, зөрчил үүсгэсэн гэх мэдээлэл бий. Хууль зүйн сайд Д.Дорлигжав өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ЦЕГ-ын даргыг томилох эрхтэй байхаар хуульд заасан бөгөөд түүний саналыг авалгүйгээр тус газрын даргыг Ч.Сайханбилэг томилсон юм билээ.
Тиймээс Д.Дорлигжав өөрийн хүнээ тавих нь гэсэн яриа цагдаагийнхны дунд байна. Р.Чингисийн оронд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн хурандаа Ш.Ганболд уг албыг авах магадлалтай гэнэ.
Түүнийг салбараа мэддэг, янз бүрийн бүлэглэлд хамааралгүй, шударга, нэр цэвэр хүн гэж цагдаагийнхан ярьж байгаа юм. Тэрбээр бригадын генерал Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад тэргүүн дэд дарга байсан. Мөн “гяндан сандлын хэргээс” болж Х.Тэмүүжинд нүд үзүүрлэгдсэн гэдэг.
Г.РАВЖАА