Монголын чөлөөт бөхийн холбоог тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл тасрахгүй нь. Өнгөрсөн баасан гаригт чөлөөт бөхийн шигшээ багийн зарим дасгалжуулагч, тамирчин “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо” байгуулж, удирдлагуудаа тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан. Харин өчигдөр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Б.Болд, Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, нягтлан бодогч Д.Бямбадулам нар хэвлэлийн хурал хийж, түр хорооныхны хүргүүлсэн шаардлагад дурдсан санхүүжилт, ёс зүй, виз, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн юм. “Дохад болсон Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд манай зарим тамирчин оролцож чадаагүй. Тэмцээнд оролцох гадаадын тамирчдыг хилээр төлбөргүй нэвтрүүлэх албан бичиг ирсэн. Энэ нь Катарын хилээр нэвтрэх виз биш шүү.
Виз авахгүй, тамирчдын тоо, нэрсийн мэдүүлгийн дагуу хуудас ирсэн. Тэр хуудсыг гадаад паспортын хамт хил дээр шалгуулж орох ёстой. Ингэхдээ бүрдүүлсэн бичиг баримтыг хянаагүйгээс алдаа гарсан. Алдаагаа бид хүлээнэ” гэв. Тус холбооны нягтлан бодогч Д.Бямбадулам “2013 онд болсон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний зардлыг тайлагнаагүй гэж түр хорооныхон шаардах бичигт дурдсан байна. Уг тэмцээнд нийт 232.1 сая төгрөг төвлөрч 301.8 саяыг зарцуулсан. Үлдэгдэл санхүүжилтийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан. 2014 оны зургадугаар сард манай улсад болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 14 орны 315 тамирчин, шүүгч оролцож, хураамжаа төлсөн.
Нийт 418.4 сая төгрөгийн орлого олсон ч зарцуулалт нь 420.2 сая болсон. Улсаас ямар нэг санхүүжилт аваагүй. ЭМСЯнаас “Төсвөөс санхүүжилт олгоогүй” гэсэн албан тоот ирүүлсэн” гэв. Энэ үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.
-Түр хорооныхон “Тамирчид удирдлагуудын дарамт, айдас дор байдаг” гэж байсан. Үүнд хариулт өгөхгүй юү?
-Өдий хүртэл Дагвадорж болон удирдлагууд ямар ажил хийснээ шалгуулъя гэж бодож байна. 2009 оноос хойш гурван тэрбум төгрөгийн ажил хийжээ. Тамирчдаа айлгаж, дарамталсан зүйл байхгүй. Үнэндээ шигшээ багийнхны гар утасны дугаарыг ч мэдэхгүй. Бидний эцсийн зорилго Монгол Улсынхаа Төрийн дууллыг дэлхийд эгшиглүүлэх. Тиймээс энэ холбооны ерөнхийлөгч шаардлага тавих үүрэгтэй. Спорт маш их тэмцэл дунд өрнөдөг. Намайг “Хүдэрбулгыг алт авахгүй бол ална шүү п минь” гэж хэлсэн гэж ярьсан байна лээ. Би өөрийнхөө тамирчныг барилдах гэж байхад юу гэж тэгж хэлэх юм бэ. Би өөрөө тамирчин хүн шүү дээ.
-Казахстанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр яагаад казах хүнд МЧБХ-ны багийн цом гардуулсан юм бэ?
-Казахстаны хүн биш. Баян-Өлгий аймагт төрсөн Монгол Улсын иргэн. Иргэний үнэмлэхийг нь харж болно. Төв Азийн бүсэд Монгол Улсаа төлөөлж суугаа Монголын казах хүнээ яагаад Казахстан гэж доромжлоод байгаа юм бэ. Дагвадоржийн наймааны хүн гэсэн байна лээ. Тэр хүн чинь Баян-Өлгий аймаг болон Төв Азийг хариуцсан Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч. Тухайн үед чөлөөт бөхийн эрэгтэй багийн ахлагчаар албан ёсоор ажиллаж байсан юм шүү дээ.
-Удирдлагуудыг огцор гэж шаардаж байгаа. Та бүхэн одоо яах вэ?
-Шаардах хуудсанд намайг хоёр нүүртэй, бялдууч, засаршгүй этгээд гэх зэргээр бичсэн байсан. Би хуулийн этгээдэд хандана. Энэ шаардлага биш шүү, түр хорооныхоон. Холбооны болон хувь хүний нэр хүндийг гутаан доромжилсон хэрэг. 2016 оны олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар болсон. Энэ бол том амжилт. Бидний хийж байгаа ажлыг санаатайгаар мушгин гуйвуулж байна.
Ч.БОЛОРТУЯА