Өнгөрсөн сард Дэлхийн ноён оргил Эверестийг зорьсон уулчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт хүсч, “Монгол түмнийхээ хийморийг бадраагаад ирээрэй” хэмээн, гарын үсгээ зурсан төрийн далбааг гардуулсан бөгөөд уг далбаа Гималайн уулсаар мандаж байгаад эх орондоо иржээ.
Монголын уулчин ОУХМ Б.Цэвээндаш болон Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, 74 настай уулчин Т.Гүррагчаагийн хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Эверестийн оргилыг зорьсон билээ. Балба улсад болон тухайн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас тэд авиралтаа аргагүйн эрхэнд зогсоосон юм. Харин төрийнхөө далбааг уулчин Б.Цэвээндаш Эверестэд хүргэсний дараа Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарт өчигдөр эргүүлэн гардуулж өглөө.
Уулчин Б.Цэвээндаш уулзалтын үеэр хэлэхдээ “Найрсаг Улаанбаатар, Эрүүл Монголын төлөө уриатай Эверестийн оргилыг зорих замдаа саадгүй орсон ч байгалийн гамшиг нүүрлэсний улмаас авиралтаа зогсоосон. Бид далайн түвшнээс дээш 7180 метрийн өндөрт буюу 80 гаруй хувийн амжилт үзүүллээ. Уг бүс нутагт сүүлийн 100 жил болоогүй хүчтэй газар хөдөлж, БНХАУ-ын Засгийн газраас, Эверестэд авирч байсан уулчдыг буулгах шийдвэр гарган, авиралтыг түр хориглосон. Зорилгоо бүрэн биелүүлж чадаагүй ч эх орондоо эсэн мэнд ирлээ. Гималайн нурууны салхи шингэсэн төрийн алтан соёмбот далбаагаа эргүүлэн гардуулж байна. Сар гаруй үргэлжилсэн авиралтын турш бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж биднийг дэмжсэн та бүхэнд баярлалаа” гэв.