Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд нийт 611 дуудлага, мэдээ ирснээс 423 нь зам тээврийн ослынх аж. Үүний улмаас нэг хүн нас барж, 30 хүн гэмтэж бэртсэний долоо нь хүүхэд байв. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянхошууны замд явган зорчигч, 26 настай эмэгтэйг “Приус” маркийн автомашины жолооч мөргөж, хөнөөсөн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн Дарь-Эхийн замд “Автобус-3” ХХК-ийн “Daewoo” маркийн автобусны жолооч А зорчигч 14 настай эрэгтэй Ж-г, Баянзүрх дүүргийн нутаг, Нарны зам, Чулуун овоо дахь Цагдаагийн постын баруун замд “Мяралзаа” ХХК-ийн “Аеро сити” маркийн автобусны жолооч Н нь зорчигч, 69 настай эмэгтэй Ц-г мөргөж гэмтээжээ.
Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусны жолооч нар зорчигчоо бууж, сууж амжаагүй байтал хөдөлдөг, дуртай газраа хүн буулгаж суулгадаг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил гаргах нь, зам тээврийн осол ихсэхэд нөлөөлжээ.
Үүнд нийслэлийн Тээврийн газар болон холбогдох байгууллагууд онцгой анхаарах шаардлагатайг Замын цагдаагийн газраас мэдээлсэн юм.