Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Завханы Тэс суманд шинээр гал унтраах, аврах анги байгуулахаар тогтжээ.
Гал унтраах, аврах анги байгуулах болсонтай холбоотой шаардагдах зардлыг Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэв. Ирэх оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасан байна. Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага, улсын стандартаар 4000-аас дээш хүн ам тутамд нэг гал унтраах аврах анги байхаар заажээ. Уг стандартын шаардлага болон гамшиг, гал түймрийн давтамж, учруулж байгаа хохирол жил бүр нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирох, гэр, мал эд хөрөнгө өртөж байгаа зэргийг үндэслэн дээрх сумдад гал унтраах, аврах анги байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Манай улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 21 аймаг, нийслэл хотод аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд гал унтраах, аврах 49 анги үүрэг гүйцэтгэж байгаа аж.