“Хархорин” захын зүүн хаалганаас зүүн тийш 200 метр орчим газарт явган хүний зам дагуу иргэд наймаа хийж, “Дагуул зах” үүсгэжээ. Тэдний зарим нь лангуу зассан байхад нөгөө нь алгын чинээ давуун дээр бараагаа дэлгэжээ. Түүнчлэн хэд хэдэн газар 1000 төгрөгөөр шорлог зарж байлаа. “Хархорин” захын зүүн талын орон сууцанд амьдардаг иргэд үүнд хамгийн их бухимддаг учраас дүүргийнхээ ЗДТГ-т байнга гомдол гаргасаар иржээ. Иймээс өнөөдөр Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээ, Мэргэжлийн хяналт, Хөдөлмөрийн хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн II хэлтэс, “Хархорин” компанийн хамтарсан ажлын хэсэг энд шалгалт хийж, худалдаа эрхлэгчдийг тараав. Энд хугацаа нь дуусаад хэдэн жил болж байгаа бүтээгдэхүүн худалддаг гэдгийг “Хархорин” компанийнхан ярьж байлаа. Захын гадна наймаа хийдэг 20 гаруй хүн байдаг гэнэ. Харин энэ өдөр “Нарантуул” зах амарсан учраас 100 гаруй хүн ил задгай худалдаа эрхэлж байв. Эсэргүүцсэн зарим хүнийг цагдаагийнхан баривчилсан. Худалдаа эрхлэгчид “Та нар мөнгөтэй хүмүүст үйлчилж байна. Ядарсан биднийг яах нь вэ” хэмээн бухимдаж байсан бол орон сууцны иргэд “Ашгүй эднийг тараалаа. Эд архидаж, шөнө орой явахад хэцүү байдаг” гэж байв.