“Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гомдолд Улсын дээд шүүх өчигдөр хариу өгчээ. Анхан шатны шүүхээс “Саусгоби сэндс” компанийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс 35.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийснийг тогтоож, тус компаниас гаргуулан төлүүлэх, шүүгдэгч Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нараас тус бүрээс нь нэг сая төгрөгийн эд хөрөнгө, хурааж чанга дэглэмтэй хорих ангид таван жил зургаан сараас таван жил 10 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэсэн билээ. Шүүгдэгч нарт Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлж, харин “Саусгоби сэндс”-ийнхэн 35.2 тэрбум төгрөгийг Монгол Улсад төлөхгүй гэж давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм.Дээд шүүхээс иргэний хариуцагчаар тогтоогдсон тус компанийнханд өгсөн хариунд “Иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах ... эрхтэй”, мөн хуулийн 303 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй байхаар тусгасан. Тиймээс гомдол гаргах эрхгүй этгээдүүдийн гомдлыг үндэслэн уг хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүйг гомдол гаргагч нарт мэдэгдье.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт уучлал үзүүлж хууль зөрчсөн тухай гомдол нь Үндсэн хуулиар олгосон Дээд шүүхийн бүрэн эрхэд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй” гэжээ. Ингэснээр тус компанид анхан шатны шүүхээс ногдуулсан 35 тэрбум 252 сая гаруй төгрөгийг Сангийн яаманд тушаахаар боллоо.