Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд өчигдөр 21.02 цагт ой хээрийн түймэр гарчээ. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 10, 63 дугаар ангийн албан хаагчид тухайн газар явж байсан 17 иргэний хамт очиж, 21.23 цагт буюу 21 минутад түймрийг унтраасан байна. Хоёр орчим га газрыг хамарсан түймрийн шалтгааныг тодруулахаар дүүргийн Цагдаагийн III хэлтэс үзлэг хийж байгаа аж.
Баянзүрх дүүргийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн түймэр гурван удаа гараад байгаа юм. Иймд хуурайшилтын үе буюу зургадугаар сарын 10-ныг хүртэл нийслэлийн ногоон бүсэд мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихгүй, аялахгүй, тамхи болон шүдэнз хаяхгүй байхыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.