“Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Rio Tinto”-гийн Зэс, нүүрсний бүлгийн захирал Жан-Себастиан Жак
Хэлэлцэж байсан асуудлуудаа эцэслэж, хувь нийлүүлэгчид Оюутолгойн II шатны бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудаа тусгасан төлөвлөгөөг өчигдөр Улаанбаатарын 06.00 цагт Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо албан ёсоор баталгаажуулсан байна. Тус улсад ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Rio Tinto” группийн Зэс, нүүрсний бүлгийн захирал Жан-Себастиан Жак, “Эрдэнэс МГЛ” корпорацын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гишүүн Д.Ганболд, “Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Жеффри Тайгесен нарын эрхмүүд эл ёслолд оролцжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны наймдугаар сарын 12-ноос түр зогсоосон бөгөөд түүнээс хойш Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хоёр тал хэлэлцээ хийсээр ирсэн билээ.
Оюутолгойн ордын нийт баялгийн 80 хувь нь газрын гүнд байрлаж буй. Тиймээс дэлхийд томоохонд тооцогдох зэсалтны ордыг ийнхүү бүрэн ашиглах шийдвэр гаргасан нь “Монголын ард түмний хувьд бахархалт мөч” хэмээн “Оюутолгой”-н ТУЗийн дарга Г.Батсүх тодотгосон байна. Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах зарчим нь тодорхой болж буй юм. Харин одоо далд уурхайн ТЭЗҮ-ийг дахин хянах, батлуулах, төслийн санхүүжилтийг эцэслэх, шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үлдээд байгааг “Turquoise Hill Resources” компани албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.
Эл бүтээн байгуулалтад нийт 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас дөрвөн тэрбум ам.долларыг олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээлэхээр төлөвлөж байгаа юм. Эдгээр үйл явцыг амжилттай дуусгасны дараа далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх нөхцөл бүрдэх агаад тэр үед ажиллах хүчнээ эргүүлэн авах бололтой. Санал зөрөлдөж байсан асуудлуудаа хэрхэн шийдсэн нь анхаарал татаж буй юм. “Turquoise Hill Resources” зарим мэдээллийг дэлгэсэн агаад хөрөнгө оруулагчдын зүгээс буулт хийсэн байж магадгүй гэмээр зүйлс эндээс харагдаж байна. Тухайлбал, “Turquoise Hill Resources” компани цэвэр хайлуулалтын хоёр хувийн буцаалтын төлбөрийг (net smelter royalty) авахгүй байхаар тохиролцжээ.
Түүнчлэн Монгол Улсын төсөвт “Оюутолгой” компанийн төвлөрүүлэх учиртай таван хувийн роялтийг зөвхөн борлуулалтын орлогоос бус, ямар нэгэн хасалт, суутгалгүйгээр компанийн нийт “бохир” орлогоос тооцон авах болжээ. Компани зэсийн баяжмалаа борлуулж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын төсөвт төлөх учиртай роялтийг дахин тооцоолох бөгөөд зөрүүг нь Засгийн газарт 30 хоногийн дотор төлөх гэнэ.
Мөн “Turquoise Hill Resources” буюу “Rio Tinto”-гийн менежментийн үйлчилгээний төлбөрийг ч бууруулсан бололтой. Эцэст нь, хоёр тал татварын маргаанаа цэгцэлсэн бөгөөд Татварын ерөнхий газраас тогтоосон 30 сая ам.долларын татварын актыг “Оюутолгой” улсын төсөвт тушаахаар болжээ. Баяжмал дахь агууламжаар нь тооцвол “Оюутолгой” компани энэ онд 195 мянган тонн зэс, 700 мянган унци алт үйлдвэрлэхээр төлөвлөж буй.
Б.ЦЭЦЭГСҮРЭН