Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий ассамблей өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн юм. “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилт дахь залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор Азийн 23 орны 600 орчим залуу саналаа солилцож, ажил хэрэгч шийдлүүд гаргахаар цуглажээ. Шинэ мянганы эхэнд дэлхийн удирдагчид цуглаж, Мянганы хөгжлийн зорилтуудаа томъёолсныг эргэн санацгаая. Ирэх 15 жилийн шинэ зорилтуудаа тэд мөн энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар хуралдааны үеэр батлах агаад Тогтвортой хөгжлийн зорилтууд хэмээх тэрхүү баримт бичигт Азийн залуучууд саналаа тусгахаар хичээж буй нь энэ аж.
Тодруулбал, эрүүл мэнд, жендер, боловсрол, залуусын хөдөлмөр эрхлэлт, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого хийгээд Тогтвортой хөгжлийн зорилтод залуусын оролцооны асуудлаар саналаа солилцож, нэгтгээд, түүнээ “Улаанбаатарын тунхаг” хэмээн албажуулж, НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр зэхжээ. Чуулганы индрээс эхний үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. “Дэлхийн хэмжээнд өгөөжөө өгөх чухал санаачилга Ази тивийн залуучуудаас эхэлж буйд туйлын баяртай байна” хэмээн тэрбээр хэлсэн үгэндээ тодотгосон юм. “Дэлхий дахинаа 2015 оноос хойших хөгжлийн үндсэн стратегийг эцэслэн тусгасан Тогтвортой хөгжлийн зорилтуудын гол агуулгыг айх аюулгүй, эрх тэгш, цэцэглэн хөгжсөн ирээдүйн төлөө ирж буй он жилүүдэд бүх улс хамтран ажиллахад зоригжуулан чиглүүлнэ гэж итгэж байна” хэмээн өөрийн саналаа өгүүллээ.
Дэлхийн залуучуудын ассамблейн ерөнхийлөгч Идрис Харон “Монгол Улс бол залуусын орон гэдгийг мэдэх хэдий ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ч хүртэл залуу, мөн залуучуудаасаа өндөр хүлээлттэй байдгийг энд ирээд мэдэж авлаа” хэмээн хэвлэлийн хурлын үеэр талархангуй хэлсэн юм. Хөрш хоёр орноос гадна Африк, Араб, Умард Солонгосоос хүртэл залуучуудын төлөөлөл энд иржээ. Дэлхийн залуучуудын ассамблейн ерөнхийлөгч, Азийн залуучуудын зөвлөлийн дэд ерөнхийлөгч зэрэг дэлхийн хэмжээний болоод бүс нутгийн залуучуудын байгууллагын төлөөлөгчид энэхүү хуралдаанд оролцож буй агаад ингэхдээ цэнхэр, саарал, улбар өнгийн монгол дээлээр ижилссэн байлаа.
Дэлхийн 1.8 тэрбум иргэн нь 16-24 насныхан гэнэ. Харин Ази тивийн тухайд энэ үзүүлэлт 750 саяар хэмжигддэг ажээ. Тэдэнд тулгардаг хамгийн хүнд, нийтлэг асуудлууд нь газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшгаас гадна ядуурал гэдэгт Азийн залуус санал нэгдэж байна. Тодруулбал, Азид 1.3 сая залуу ажил, хөдөлмөр тогтмол эрхэлдэггүй гэсэн судалгаа бий аж. Тиймээс “Улаанбаатарын тунхаг”-т эдгээр сэдвийг хамарсан зорилт түлхүү тусгах бололтой.
“Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдэвт XIII ассамблейн хүрээнд энэхүү үндсэн хуралдаанаас гадна хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум, Зүүн хойд Азийн залуучуудын симпозиумыг өнөөдөр зохион байгуулна. Түүнчлэн Дэлхийн залуучуудын ассамблейн Ази тив хариуцсан төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, эсэхийг энэ үеэр шийдэх юм.
Б.ЦЭЦЭГ