Мод тарих нь нэг насны буян. Харин түүнийгээ арчлахгүй орхих нь хүүхэд төрүүлчихээд хаяж байгаатай адилхан гэж хүмүүс ярьдаг. Японы Осака хот дахь Монголын өргөмжит консулаар ажиллаж байсан, та бидний сайн таних хатагтай Сато Норико өчигдөр нийслэлчүүдэд “буян үйлдэв”. Амьдралынхаа 20 гаруй жилийг монголчуудын эрүүл мэнд, байгаль хамгаалах үйлсэд зориулсан тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ээжүүдийн төгөл” байгуулах санаачилга гаргаж, найз нөхдийнхөө хамтаар голт бор, сакура, монос, гацуур нийлсэн 70 гаруй мод тарилаа.
“Би 20 гаруй жилийн өмнө Монголд анх ирээд сэтгэгдэл маш өндөр буцсан. Тэр үеэс л энд мод тарих хүсэл төрөөд 4-5 жил үрээр ч, суулгацаар ч тарьж үзсэн. Нэг л болж өгөөгүй. Тарьсан сакураг маань нэг бол ухаад аваад явчихна. Эсвэл устгаад газар дээр нь барилга барьчихдаг байлаа. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлсэн нь олон нийтийг хамарч, “Одоо л монголчууд нийтээрээ мод тарих нь. Тэдэнд туслах хэрэгтэй” гээд чадлынхаа хэрээр зүтгэсэн.

Монголчууд япончуудад их элэгтэй. 2011 онд Сэндайд газар хөдлөхөд хамгийн түрүүнд монгол хүмүүс эхийн сэтгэлээр хандан тусламжийн гараа сунгасан. Ээж хүн бүр сайхан сэтгэлтэй, хүүхдийнхээ төлөө залбирч, байгаль дэлхийгээ хайрладаг шүү дээ. Тэр сэтгэлээ байгальд шингээн “Ээжүүдийн төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна” гэж Сато Норико хэлэв. Түүнтэй хамт мод тарьсан эрхмүүд Японы Шиманэ мужаас ирсэн бөгөөд тэдний дунд нэртэй улстөрчид, хотын даргаар ажиллаж байсан хүн хүртэл байв.
“Мод тарихад маш их тэвчээр шаарддаг. Одоо тарьж буй моднууд шууд цэцэглэчихгүй. Бидний хойч үетэй хамт өсөж, том болно. Тиймээс бид дандаа цэцэглэдэг мод тарилаа” гэж Изумо хотын дарга асан Тэцүндо Ивакүни ярилаа. Сато Норико Монголоос сакурагийн суулгац авч яван, Японы Хоккайдо мужид ургуулаад таван цаг онгоцоор тээвэрлэн буцаан авчирчээ.
Учир нь тэндхийн цаг агаар манайхтай адил учраас тэнд үржүүлсэн сакура манай хөрс, цаг уурт тохирно гэж тэр үзсэн аж. Тэрбээр өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгчдэд сургалт явуулж сайн сурсан эхний зургаан хүнийг Хоккайдод сар гаруйн хугацаанд дадлагажуулсан бол өнөө жил мөн зургаан хүн авч явахаар болжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар хувь хүн, аж ахуйн нэгжүүд нийтдээ 40 мянга гаруй мод тарьсан байна.
О.БАТ-УНДРАХ