Ашиг орлогоо бодохын хажуугаар байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулна гэдэг бизнес эрхлэгчдэд амаргүй. Тэр тусмаа технологийн компаниудад энэ нь бүр ч хүндрэлтэй байдаг. “Greenpeace” олон улсын судалгааны байгууллагын тайланд дурдсанаар “Apple”, “Facebook”, “Google” зэрэг технологийн салбарын “аваргууд” хүртэл экологид ээлтэй үйл ажиллагаа явуулах гэж зүдэрч буй аж.
Гэсэн ч эрчим хүч хэмнэх, эрчим хүчний эх үүсвэрийг сайжруулах тал дээр “Apple”, “Google”-ийнхэн сүүлийн үед ихэд анхаарч, “Apple” гэхэд л гурван гол дата төвөө эрчим хүчний байгальд ээлтэй эх үүсвэрт холбохоор ажиллаж байгаа гэнэ.
Нарны эрчим хүч үүсгүүр, салхин сэнс байрлуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан тус компанийг “Greenpeace”- ийнхэн технологийн томоохон компаниудаас байгальд хамгийн ээлтэй нь хэмээн үзжээ. Харин “Amazon”, “Microsoft” компани эрчим хүчний эх үүсвэртээ анхаарах нь бүү хэл, эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэлийн орчныг сайжруулахад ч дорвитой шинэчлэл хийгээгүй байна.