“Өнөөдрөөс эхлээд “Оюутолгой” төсөл Засгийн газрын ч, улс төрийн ч асуудал биш болсон. Одоо “Оюутолгой” эдийн засгийн, компани хоорондын асуудал болно. Эх орноо боддог л бол улстөрчид “Оюутолгой”-той хутгалдах хэрэггүй, орхих хэрэгтэй” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэв. Тэрбээр Арабын нэгдсэн Эмират улс (АНЭУ)- д ажлын айлчлал хийгээд эх орондоо хөл тавингуутаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хэвлэлийн хурал хийж ийн мэдэгдлээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан “Эрдэнэс Монгол” корпорацын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар Дубай хотод “Оюутолгой” төслийн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан нь олны анхаарлын төвд байгаа.
Ерөнхий сайд хэдийгээр АНЭУ-д айлчилсан ч Английн “Rio Tinto”-той удаан үргэлжлүүлсэн хэлэлцээгээ хэрхэн төгсгөснийг олон нийт чих тавин сонирхож буй. “Оюутолгой”- н далд уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөх шийдвэрээр Ерөнхий сайд богцоо дүүргэжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэлийн хурлын үеэр “2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хүсэлт гаргаж байсан. Гэхдээ хэлэлцээрээр хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулаагүй. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхдээ 2009 баталсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д тусгасан хэмжээнээсээ хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараар хэтрүүлсэн гэж маргадаг.
Ингээд хэтрүүлсэн 1.2 тэрбум ам.долларт нь удирдлагын зардлын төлбөр төлж, бусдад нь төлөхгүй байхаар тохирсон. Төслийн удирдлагын менежментийн зардал зургаан хувь байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилд гурав болгож бууруулахаар тохиролцлоо. Монголын тал бүх зардлыг хянах бололцоотой болсон. Талууд тус бүр хоёр мэргэжилтэн томилоод манайх ахлаад төслийн зардлыг хянана” гэж ярив. Мөн “Монголын тал төслийн өгөөжийн 53, “Рио Тинто” 47 хувийг авна гэж тооцдог. Энэ зарчмыг өмнө нь ямар ч баримт бичигт тусгаагүй байсан. Хоёр тал хэдий хэмжээний өгөөж хүртэх тооцооллыг бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгалаа. Биднийг гадаадын зөвлөх компани авч ажиллуулдаггүй гэж шүүмжилдэг.
“Shearman and Streling” компанийг хуулийн зөвлөх, “Blackstone”-ийг санхүүгийн зөвлөхөөр авч ажиллууллаа. Одоо хоёр талын бүх тооцоо нэгдсэн. Хэлэлцээний эцэст төслийн өгөөжийн 54.9 хувь манай талд ногдох тохиролцоо хийлээ. Татварын асуудал үүссэнийг та бүгд мэдэж байгаа. Манайх 30 сая ам.долларын татвар аваад төслийн үйл ажиллагааг цаашид ямар нэг маргаангүйгээр үргэлжлүүлэхээр тохиролцсон. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын асуудал нэг мөр шийдэгдсэн” гэв. “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсны дараа дэлхийн зах зээлд Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны бондын үнэлгээ сайжирсан бол “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш өсчээ.
Ерөнхий сайд эдгээр үзүүлэлтийг таблет дээрээ харуулан төлөвлөгөөг баталснаар “Монголд бүх талаар эерэг үр дүн авчирч байна” гэж тодотголоо. АНЭУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Шейх Мухаммед Рашид Бин Аль Рашид Мактумтай уулзжээ. Давхар татварын гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтыг хамгаалах, хоёр орны хооронд шууд нислэгтэй болбол ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж АНЭУ-ын тал хэлсэн байна. Мөн Дубай, Абу-Даби хотын худалдааны танхимын бизнесмэнүүдийг Монгол руу илгээхээр болжээ. Түүнчлэн Дубай хотноо CIB банк санхүүгийн нэгдэлтэй манайд хөрөнгө оруулалтын сан байгуулж, тэрбум ам.долларын санхүүжилт хийх санамж бичиг байгуулсан байна. Ингээд Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Bloombergtv Mongolia: -Хэлэлцээний явцад хоёр тал ямар ямар асуудалд буулт хийсэн бэ?
-Би сая харилцан тохиролцсон бүх асуудлаа хэллээ. Харилцан тохиролцож чадсан учраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталлаа. Одоо ажил үргэлжилнэ. 14 том банкнаас мөнгө зээлэх ёстой. Засгийн газрын ажил дууссан. Компани хоорондын ажил үлдсэн. Монголын талаас “Эрдэнэс Монгол”, нөгөө талаас “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-той хамтран цагтай уралдаж ажиллах ёстой.
-Хөрөнгө оруулалтын хэмжээ ямар шалтгаанаар зургаан тэрбум төгрөг болж өссөн юм бэ? Өмнө нь далд уурхайн бүтээн байгуулалтад 4.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцож байсан.
-“Оюутолгой” болон ямар ч уул уурхайн төсөл их хөрөнгө оруулалт шаарддаг. Далд уурхайд Оюутолгойн ордын нөөцийн 80 хувь бий. Үүнийг ашиглах явцын дунд ч дахин хөрөнгө оруулалт татахыг үгүйсгэхгүй. Тухай, тухайн үед нь ТЭЗҮ боловсруулж, түүнд хяналт тавиад яваад байх боломжтой.
Т.ЭНХБАТ