Зуны халуун бүгчим агаарт амьсгал давчдаж явсан хүмүүст цас мөсний орноор аялж, цагаан баавгайтай “танилцах” боломж олгож буй Мэдээллийн технологийн “ICT expo 2015” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Ес дэх жилдээ зохиож буй уг үзэсгэлэнгийн үүдний хэсэгт байрлах хамгийн эхний лангуу бол технологийн хүчээр гурван хэмжээст орчныг үүсгэж, Хойд туйлыг “Мишээл” группийн үзэсгэлэнгийн танхимд авчирсан “Мобиком”-ынх.
Эндээс цааш аялбал ШУТИС-ийн оюутнуудын хөлбөмбөг тоглогч роботууд, проектор ашиглан хийсэн хиймэл цөөрөм, таны хөдөлгөөнийг толины тусгал мэт дуурайх баавгай гээд сонирхолтой технологийн дэвшлүүдийг сонирхож болох аж. Үндэсний хайлтын систем “Нүүдэл”, “Google map”-аас олддоггүй нарийн мэдээллүүдийг харах боломжтой эх орны бүтээгдэхүүн цахим газрын зураг “Minu map”, цэцэрлэг сургуулиудын камерын бичлэгийг нэгдсэн санд хадгалж, эцэг эхчүүд болоод өнгөрсөн үйл явдлын дүрс бичлэгийг ч нөхөж үзэх боломжтой систем, малчдад зориулсан гэрээсээ малаа хариулах боломжийг олгох GPS төхөөрөмж гээд л бидний амьдралд тулгамддаг асуудлуудыг хөнгөвчлөх сонирхолтой технологийн шийдлүүдийг салбарынхан нь танилцуулж байна.
Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны болон Харилцаа холбооны зохицуулах газраас зохион байгуулж буй үзэсгэлэн дөрөв хоногийн турш үргэлжилнэ. Энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр цахим спортын аварга шалгаруулах VI тэмцээн, “Start up weekend” гар утасны аппликейшн шалгаруулах 56 цагийн тэмцээн, сурагчдын дунд зохиох “Бидний мэдэх мазаалай” сэдэвт гар зураг, эссе бичлэгийн уралдаан, дэлхийд нэр хүндтэй мэдээллийн технологийн байгууллагуудад ажилладаг залуус оролцох “TedX Улаанбаатар салон” хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ болно.
О.УНДАРМАА