УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулгадаа, орчин үеийн техник технологийн хөгжил, дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны болон бусад баримтыг цахим хэлбэрээр хийх байдал түгээмэл болсон нь одоо үйлчилж байгаа хуулийн дагуу татварын алба татвар төлөгчөөс цаасан баримтыг ирүүлэхийг шаардаж байгаатай нийцэхгүй гэдгийг тодотгов.
Иймд татварын хяналт, шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтуудыг анхан шатны баримтаар хүлээн зөвшөөрөх боломжийг тусгасан заалтыг Татварын ерөнхий хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байлаа. Мөн тэрбээр “Өөрчлөлт хийснээр татвар төлөгчийн бизнесийг дэмжих хөшүүрэг болно, цаасан баримтын зардал, амархан үрэгдэх эрсдэлийг бууруулна” гэж хэлсэн юм.
“УИХ-ын даргын захирамжаар татвартай холбоотой асуудлыг цогцоор нь шинэчлэх асуудлыг судлах, өөрчлөх төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг ажиллаж байгаа үед нэг, хоёр заалт өөрчлүүлэхээр оруулж ирж байгаа нь буруу. Иймээс Засгийн газар хуулийн төслөө татаж авах нь зүйтэй” гэж С.Дэмбэрэл гишүүн хэлж байв. Сангийн сайд “Татварын шинэчлэл хийхийг хүлээвэл цаг хугацаа алдах гээд байна.
Иймээс татварын шинэчлэлийн ерөнхий зарчимтай агуулга нь нийцэж байгаа өөрчлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай” гэсэн. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.