Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Монтёр” ХХК-ийн хойд талын замд уржигдар “Соната III” маркийн автомашин, “98-29 УНО” улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас гурван хүн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн байна.
НОБГ-ын алба хаагчид дуудлагын дагуу очиж, гэмтсэн хоёр хүнийг ГССҮТ-д хүргэж өгсөн ч харамсалтай нь нэг нь амьсгал хураажээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс зүүн тийш хоёр км замд “Приус” маркийн автомашин онхолдож, зорчигч 31 настай, эрэгтэй Ж нас барсан аж.
Ганцхан хоногийн дотор зам тээврийн ослоор дөрвөн хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртжээ. Тэдний дунд сургуулийн өмнөх насны дөрвөн хүүхэд байсан аж. Жолооч нар орон нутгийн замд хурдаа зөв тохируулах, хамгаалалтын малгай, бүс, хүүхдэд зориулалтын суудал тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.