Украин болон Беларусийн эрх баригчид бараг зэрэг шахам олон улсын зах зээлд өрийн бичиг гаргахаар шийджээ. Киев 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондоор нийт хоёр тэрбум доллар төвлөрүүлнэ хэмээн тооцоолж байгаа бол Минск таван жилээс дээш хугацаатай өрийн бичиг гаргаж, нэг тэрбум орчим доллар босгохоор ажиллаж байна.
Украины Ерөнхий сайдын орлогч Сергей Тигипкогийн мэдэгдэж буйгаар тус улсын бондын “road-show” өчигдөр Бостонд эхэлсэн аж. “Хэр хэмжээний мөнгийг хэдэн хувийн хүүтэй төвлөрүүлэх тухай ярихаа түр азная. Үүнийг зах зээл шийдэх юм” хэмээн Сергей Тигипко онцлоод, “Бид Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, Украин улсад ямар нэгэн санхүүгийн асуудал байхгүй. Тиймээс бид мөнгийг ямар ч хамаагүй үнээр авахгүй, хамгийн тохиромжтойг нь сонгоно” гэжээ. “JP Morgan”, “Morgan Stanley” болонОросын ВТБ банк Украины олон улсын зах зээлд евробонд гаргах арга хэмжээг зохион байгуулж буй аж.
Харин Беларусь энэ сарын 12-ноос хөрөнгө оруулагчидтай уулзаж эхлэх юм байна. “Reuters” агентлагийн мэдээллээс үзэхэд Беларусийн олон улсын зах зээлээс мөнгө босгох ажлыг “BNP Paribas”, “Deutsche Bank”, “Royal Bank of Scotland”
болон Оросын “Сбербанк” хариуцаж байгаа юм байна. Энэ жил болон ирэх онд Минск нийт хоёр тэрбум долларын евробонд гаргахаар төлөвлөжээ.