Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан, хотын төвийн хэсэгт автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар хэлэлцэж, энэ асуудлыг түр хойшлуулах болов. Улаанбаатар хотод хийгдэж буй автозам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын томоохон ажилтай холбогдуулаад, нийслэлийн төв хэсгээр автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн.
Энэ дагуу өнгөрсөн даваа гаригаас эхлэн Төв шуудангийн урд хэсгээс Цэцэг төвийн уулзвар хүртэлх автозамыг хааж, дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил гүйцэтгэж буй. Харин энэ үед авто замуудын хөдөлгөөн харьцангуй хэвийн, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хоорондох ачаалал өмнөхөөсөө ч бага байсан бөгөөд энэ нь их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын хичээл амарсантай холбоотой гэдгийг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн үзэж байна.
Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд, энэ сарын 15-наас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дугаарын хязгаарлалтыг түр хойшлуулахаар боллоо. Харин зах, худалдааны төвийн ажил эхлэх, тарах цагийг шинээр зохицуулахаар шийдвэрлэсэн байна.