Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 9, 10-ны өдөр салхи түр зуур секундэд 20-25 метр хүчтэй салхилан, дуу, цахилгаантай аадар бороо, тэмээний хорголын чинээ мөндөр оржээ. Үүний улмаас үер бууж, замаар явж байсан “Фургон” маркийн суудлын автомашин усанд автсан байна. Уг машинд тухайн үед 14 хүн сууж явсан аж. Машинд нь үерийн ус орсон тул зарим нь бүхээг дээрээ гарч зогссон гэнэ. Мөндөрт айлуудын байшин, машины цонх хагарч, чамгүй хохирол учирсан байна. Насанд хүрсэн хүний гар дээр гурваас илүү мөндөр багтахгүй байгааг уншигч та гэрэл зургаас хараарай. Хүчтэй шуурганд таван айлын гэр нурж, унь, хана зэрэг гэрийн мод нь авах юмгүй болжээ. 50 малчны 5232 толгой хонь, ямаа шуурганд уруудсаны 3440 орчим нь хорогдсон болохыг өчигдөр урьдчилсан байдлаар тогтоосон байна. Хорогдсон малын тоо нэмэгдэж болзошгүй байгаа гэнэ. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, дээрх сумдын эрчим хүч тасарсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас эрэн хайх, аврах, цахилгааны гэмтлийг засах баг гаргаж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг авран, байгалийн энэхүү гэнэтийн аюултай үзэгдлээс учирсан хохирлыг арилгахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.