УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлав. Хэлэлцүүлгийн эхэнд эл асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага аваад байсан МАН-ын бүлэг завсарлагын хугацааг гурав хоногоор сунгахыг хүссэн ч хүлээж аваагүй юм. Тус бүлгийн дарга С.Бямбацогт “Төслийн 2.1.4-т эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насны доод хязгаар ижил байна гэж заасан нь нэг бол тэтгэвэрт гарах насыг урагшлуулах, эс бол хойшлуулах болж байна.
Хоёрдугаарт, тэтгэвэр тогтоохдоо цалингийн 2.5 хувиар тооцдог. Гэтэл энд цалингийн хоёр хувиар тооцохоор буй. Ажил олгогчоос төлдөг НДШ-ийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ бүхнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дахин ярих шаардлага байсан ч хуралдаагүй” хэмээн хүсэлтээ тайлбарласан. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Тэтгэвэрт гарах эрэгтэй, эмэгтэй хүний насны доод хязгаарыг ижил болгоно гэсэн нь зарчим. Дэгийн дагуу Байнгын хороо хуралдах шаардлагагүй” гэсэн тайлбар өгөв.
Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг төд болгоно гэж хуульчлаагүй. Ер нь тэтгэврийн бодлогоо шинэчлэхгүй бол оройтож байна. 2012 оноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих ёстой байсан ч хийгээгүй. 2020 онд бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ёстой. Ийм байдалтайгаар тэтгэврийн бодлогыг шинэчлэх боломжгүй. Насыг зарчим байдлаар л оруулсан” гэв.
Энэ үеэр Д.Дэмбэрэл гишүүн “Эмэгтэй хүн 60 нас хүртлээ ажил хийх нь зөв зарчим. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйг 50 нас хүрэнгүүт, гурван хүүхэд төрүүлсэн бол 55 нас хүрэнгүүт тэтгэвэрт нь гаргаж ялгаварладаг. Үүнийг болих хэрэгтэй. Ингэхийн тулд оновчтой хөнгөлөлтийн нөхцөл байх ёстой. Эмэгтэй хүн таван жилийн хөнгөлөлт авах боломжтой” гэж байлаа. Эцэст нь эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг ижил болгож, ингэхдээ эмэгтэйд нь хөнгөлөлт үзүүлэх байдлаар томъёолон баталсан юм.
Б.УРАН