Бид өмхий хотод амьдрахад хүрэв. Уг байгууламжийн үнэр I хороолол, Сонсголон, Толгойт орчмынхны амьсгалыг жилийн жилд боомилох шахдаг гэхэд хилсдэхгүй. Уламжлал энэ жил ч үргэлжилж, хотын баруун хэсэгт амьдардаг иргэдийн дотор муухайруулаад эхэлчихсэн. Харин өчигдөр уг үнэр хотын төвд хүртэл тархав. Уг байгууламжийг засах тухай хөндөж буй үед энэ нь Туул гол руу бохироо асгаж буй юм биш биз гэсэн хардлага дагуулахад хүргэсэн юм.
Холбогдох албаны хүмүүсээс энэ талаар тодруулахад “Төв цэвэрлэх байгууламж хэвийн ажиллаж байгаа. Цэвэрлэх байгууламжийн үнэр салхины чигийн дагуу XXI хороолол, Нисэх, Сонсголон, Яармаг орчимд үнэртдэг. Засвар хараахан эхлээгүй, бохир усаа цэвэршүүлэн Туул голд нийлүүлж байгаа. Засвар хийх үеэр ч бохир усаа гол руу асгахгүй” гэж хариулав.
Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер Ц.Болдын мэдээлснээр цэвэрлэх байгууламжийг өнөөдөр 22.00 цагаас эхлэн засах бөгөөд уг ажлаа гурав хоногт амжуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ үеэр айл өрхүүдийн хэрэглээний усыг хязгаарлахгүй, мөн Туул гол руу бохироо цутгахгүй байхаар зохицуулж байгаа аж. Харин өлөн, арьс ширний 36 үйлдвэрийн хэрэглээний нийт 8000 тонн орчим усыг хязгаарлах юм байна. Өнөө орой 22.00 цагаас эхлэн цаад тал нь 14 цаг үйлдвэрүүдийн усыг хязгаарлах гэнэ.
Ч.ЗУЛ