Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор хөл хүнд ээжүүд хэвлийд байгаа үрд минь хэрхэн нөлөөлөх бол гэсэн асуулт тавих болсон. Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн амгалан амаржих газар (Хуучнаар гуравдугаар амаржих газар), Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, мэргэжилтнүүдтэй холбогдож тодрууллаа.
Улаанбурхан урагт нөлөөлөх эсэх талаар ХӨСҮТ-ийн эмч “Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг тул жирэмсний эхний гурван сард буюу ургийн эрхтэн бүрэлдэж байх үед тусвал урагт сөргөөр нөлөөлж, гаж хөгжил үүсгэх магадлалтай. Гэхдээ энэ эрсдэл нь улаанууд өвчнийхөөс харьцангуй бага. Ургийн гажиг үүссэн нь энэ нь улаанбурхан өвчнөөс шууд хамаарсан гэдгийг илрүүлэхэд түвэгтэй” гэв.
Тиймээс хэрэв бүсгүй та хөл хүнд бол улаанбурханы дэгдэлтэй эрчимтэй байгаа энэ үед олон нийтийн газраар аль болох явахгүй, амин дэмтэй хүнс хэрэглэн дархлаагаа дэмжихийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж буй бол улаанбурханы дархлаажуулалтын тариа хийлгэсэн эсэхээ ХӨСҮТ-д цусны шинжилгээ өгч мэдэх боломжтой гэнэ. Жирэмсний хугацаанд болон ойрын үед жирэмслэх магадлалтай хүнд дархлаажуулалт хийдэггүй тул улаанбурханы вакцин хийлгэхээр шийдсэн бол үүнийг анхааралдаа аваарай.
Нийслэлийн амгалан амаржих газар өнгөрөгч долоо хоногт улаанбурхан туссанаас үүдэлтэй байж болох ургийн гаж хөгжил үүссэн гэсэн заалтаар нэг ээж аборт хийлгэсэн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс жирэмсэн ээжүүд улаанбурхан туссан тохиолдол хэр их байгааг лавлахад “Улаанбурхан туссан өвчтнүдийг нас болон хүйсээр ангилан бүртгэдгээс хөл хүнд ээжүүдийн талаар тусгайлан тоо баримт гаргадаггүй” гэв.