Хот даяар цэвэр ус тасална гэх мэдээллийн дагуу Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын лавлах 7015-7066 утсанд холбогдоход “Өнөөдөр буюу зургадугаар сарын 12-ны 22.00 цагаас 13-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот даяар цэвэр ус тасална” хэмээлээ.
Төв цэвэрлэх байгууламжид гарсан доголдлыг энэ сарын 15-17 засна, энэ үеэр нийслэл даяар цэвэр ус таслахгүй, үйлдвэрүүд болон албан байгууллагуудын усыг хязгаарлана хэмээн мэдэгдэж байсан боловч засварын ажлыг өнөөдөр эхлүүлэхээр болжээ. Засварын ажилтай холбогдуулан усны хязгаарлалт хийж байгаа бөгөөд дараагийн өдрүүдэд үргэлжлэх эсэхийг засварын явцын байдлаас хамаарч шийднэ гэв.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах гэнэ.