УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.06.12. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 20 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас “Оюу толгой” төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн ч Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхий сайд хуралдаанд оролцох боломжгүй болсон тул асуулгын хариуг хэлэлцэхийг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу уг асуудлыг хойшлуулж үдээс өмнө хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон юм. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргаж, байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах явцад гишүүд зарим саналын талаар хэлэлцүүлэгт бэлдсэн ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авч, байрь сууриа илэрхийлж байв. Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.