УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.06.12. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Шинэчилэн найруулсан уг хуулийн төслийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, алслагдсан сум, суурин газарт гал түймэр унтраах сайн дурын хэсэг, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байх, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шилжүүлэх, галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой барилгын дүрэм, норм, стандарт хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулжээ. Мөн одоо мөрдөгдөж байгаа Галын аюулгүй байдлын тухай хуульд гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар тусгасныг өөрчлөн хөрш зэргэлдээ болон бусад гадаад улс орнуудын жишгийг судлан, сум бүрд гал түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар төсөлд тусгасан хэмээн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хуралдаанд оролцогчдод танилцуулав. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Д.Тэрбишдагва, Д.Сарангэрэл нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, хуулийн төслийг батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд өмнө оруулж ирсэн төслөөс одоогийн төсөл юугаараа өөр болсон тухай тодруулж байсан. Мөн тэрээр уг хуулийн ач холбогдлын талаар хэлээд дөрвөн сар гаруй хугацаанд хэлэлцэж байна. Яагаад ингэж удаан хэлэлцэж буй талаар ажлын хэсгээс асуув. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гишүүн хуулийн төслийн хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 100 гаруй санал гарсан. Энэ нь хуулийн төслийн 50-иас дээш хувьд өөрчлөлт оруулахаар байсан учраас хуулийн төслийг хууль санаачлагч татан авч дахин өргөн барьсан. Харин хуулийн төслийг дахин өргөн барьснаас хойш багагүй хугацаанд хэлэлцэх асуудлын дараалалд сүүлээр байснаас удсан тал бий хэмээв. Гишүүдийн асуултын дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн.