“Төв цэвэрлэх байгууламжийн үндсэн засварыг 24 цагт багтаан хийнэ” гэсэн амлалтыг тус байгууламжийн удирдлагууд өгч байсан. Амлалт ёсоор өчигдөр өглөө засварын ажлыг хийж дуусгасан тухай Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын Олон нийттэй харилцах хэлтсийнхэн мэдээллээ. Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн устай холилдон, тусгаарлагч хана нь хэзээ мөдгүй нурах эрсдэлд хүрээд байсан юм.
Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг УСУГ-аас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлийг баасангаас бямба гаригт шилжих шөнө эхлүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан энэ сарын 12-ны 22.00 цагаас 13-ны 08.00 цаг хүртэл иргэдийн хэрэглээний усыг хязгаарласан юм.
Харин архи, пиво, ундаа, ус болоод арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг энэ сарын 13-нд бүрэн хаагаад байв. Өчигдөр засвар дууссан учраас дээрх үйлдвэрүүдийн усыг хэвийн өгч эхэлсэн аж. Мөн дээрх засвартай холбоотой асуудлаар өнөөдөр УСУГ-аас хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэх гэнэ.
М.ТЭРГЭЛ