УИХ-ын дарга З.Энхболд экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн хийж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай долоо хоног бүр танилцаж буй. Тэрбээр уржигдар “Эко пак Монгол”, “Блю скай кашмер” ХХК-ийн болон Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Оюунгэрэл, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мөн хамт ажиллажээ. “Эко пак Монгол” нь “Мөнхийн үсэг” группийн охин компани аж. Тус групп өнгөрсөн оны аравдугаар сард “Чингис” бондын хөрөнгөөс 6.2 тэрбум төгрөгийн зээл авч, хайрцаг, сав баглаа боодлын чиглэлээр дээрх компанийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлэн ажиллаж байгаа.
Хаягдал цаасыг боловсруулдгаараа энэ үйлдвэр Монголдоо анхных юм байна. “Эко пак Монгол” ХХК үйлдвэрийн дамжлага, хүчин чадлыг бүрэн автоматжуулснаар хоногт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо, нэр төрлийг нэмэгдүүлжээ. Тэд төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 30 гаруй нэр төрлийн 4.522.000 ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 90 хүнийг ажлын байраар хангасан аж. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чингис” бондын зээл нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, гадагшаа урсах мөнгөн урсгалыг багасгах, импортыг орлох бүтээгдэхүүний тоо болон ажлын байрыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдол, үр ашигтай байгааг тус компанийн ерөнхий захирал Д.Ганбат онцлов.
“Блю скай кашмер” ХХК-ийн хувьд ямааны ноолуур, тэмээний болон хонины ноосыг будаж, ээрмэл үйлдвэрлэхээс гадна сүлжмэл хувцас, нэхмэл даавуу, хөнжил, нөмрөг хийх хүртэл дамжлагатай цогц үйлдвэр байгуулахаар ажиллаж буй гэнэ. Мөн энэ онд ээрмэлийн, нэхмэл даавууны эцсийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэрийг тус тус ашиглалтад оруулах юм байна. Тус компани Ноолуурын үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу 5.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. УИХ-ын дарга болон гишүүн, сайд нар тус үйлдвэрийн загвар зохион бүтээх товчоо, будах, сүлжих, оёх цехүүд болон бэлэн бүтээгдэхүүний агуулахаар орж танилцав. Үүний дараа тэд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын удирдлагуудтай уулзаж, санал бодлыг нь сонслоо. УИХ-ын дарга “Бонд гаргах зөвшөөрлийг УИХ-аас 2012 онд Засгийн газарт өгсөн.
Үүний дагуу “Чингис” болон бусад бондын хөрөнгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгийн зээл олгож байгаа юм. Сүүлийн хэдэн жил төр засгийн зүгээс ноос, ноолуурын үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэний хүчинд түүхий эд бэлтгэл хоёр дахин нэмэгдсэн, тоног төхөөрөмж шинэчлэгдсэн, зах зээл тэлж, Япон руу ноос, ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргадаг болсон зэргээр үр дүн байна. Энэ бол хамгийн их ажлын байр бий болгодог салбар. Тиймээс УИХ, Засгийн газраас аж үйлдвэрийн салбарыг дэмжиж байгаа. Үүний тулд Аж үйлдвэрийн яамыг байгуулсан. Энэ яамнаас оруулж ирсэн хэд хэдэн бодлогын бичиг баримтыг наадмаас өмнө баталчихвал үйлдвэрийнхээ үндсэн тоног төхөөрөмжийг бус, бэлтгэж байгаа ноос, ноолуураа барьцаалаад зээл авч, эргэлтийн хөрөнгө нь саатахгүй байх боломжтой” гэлээ.
Үйлдвэрлэгчдийн төлөөлөл УИХ, Засгийн газраар шийдүүлэх саналаа танилцуулаад, шийдвэр гаргагчид энэ салбарт анхаарал хандуулж, бодит байдалтай танилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга мөн Хөдөө аж ахуйн биржид ажилласан юм. Тэнд одоогийн байдлаар ноос, ноолуур, хонь, тэмээний ноос, завод ноос, тосны ургамал , мал зэрэг бараа, түүхий эдийг танхимын арилжаагаар арилжиж, эрх бүхий байгууллагаас зуучлалын эрх авсан 32 брокерын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Уг бирж байгуулагдсанаас хойш нэг их наяд 223 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна.
Үүнээс зонхилох бүтээгдэхүүн нь ноолуур байжээ. Цаашид арилжаанд оролцогч брокерын компани нэмэгдэх хандлагатай байгааг бас сайшаав. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь энэ онд арилжааны болон төлбөр тооцооны системдээ олон улсын жишигт нийцсэн техник, технологийн шийдлийг нэвтрүүлжээ. Ингэснээр бараа түүхий эдийн бодит үнэ, ханшийн мэдээг олон нийтэд шуурхай хүргэх, биржийн арилжааг онлайн хэлбэрээр зохион байгуулж бараа түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчид хөдөлмөр, баялгаа зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинд төлөвлөх боломж бүрдүүлснийг биржийн захирал Ж.Эрдэнэбат онцолж байлаа. Түүхий эдийн дамын наймаа хийхгүй, үнэ огцом өсгөхгүй байх зорилгоор уг биржийг байгуулсан, зорьсондоо хүрч байна хэмээн УИХ-ын дарга энэ үеэр хэлэв.