УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн, санал хураав. Төсөлд тусгаснаар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэнгийн худалдаа, зочид буудал, амралтын газар, зоогийн газар, баарны үйлчилгээнд байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1.0 хувийн татварыг нийслэлийн ИТХ-аас ногдуулахаар буй. Тус төслийг боловсруулж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийнхэн үүнийг зорилтот татвар хэмээн тодорхойлж буй.

Өөрөөр хэлбэл, дээрх татварын орлогыг зөвхөн иргэдийн ая тухтай амьдарч ажиллах орчин бүрдүүлэх, сургууль, цэцэрлэг барихад зориулахаа онцолж байгаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурь илэрхийлж, асуулт тавьсан юм.
Ц.Баярсайхан: -Архи, тамхинд татвар давхцах талтайг бодолцсон уу?
Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг: -Татварын төрлийн хувьд давхцаж байгаа мэт харагдаж болох ч зөвхөн жижиглэн худалдаанд хамаатай.
Ч.Хүрэлбаатар: -Эдийн засгийн хямралтай байхад татвар нэмэх нь буруу. Орлого өндөртэй хүн л согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэг юм биш. Энд орлогоос авдаг худалдааны татварын талаар ярьж байна. Яагаад гэвэл дээрх татварыг ашигтай ажиллаж байгаа, эсэхээс үл хамааран авах учраас аж ахуйн нэгжид дарамт болно. Тиймээс Засгийн газар төслөө татаж авах хэрэгтэй.
З.Энхболд: -Та дандаа эсрэг ярих юм.
Хэрэв унавал татварын хэмжээ тав дахин нэмэгдэхээр байна. Буудалд ордог, архи уудаг, тамхи татдаг хүмүүсээс л татвар авах гээд байгаа юм шүү дээ.
Ч.Хүрэлбаатар: -УИХ-ын индэр дээрээс татвар нэмэхгүй гэж ард түмэндээ зарласан Ерөнхий сайдаас ам асуумаар байна.
З.Энхболд: -Энэ санал унавал татвар таван хувиар нэмэгдэх гээд байгааг дахин анхааруулъя. Ч.Хүрэлбаатар гишүүн үнэн царайгаа илчиллээ. Сангийн сайд байсан хүн хэзээ ч татвар бага байна гэдэггүй, нэмэхийг л боддог юм.
Ч.Хүрэлбаатар: -УИХ-ын дарга та хэлснийг минь мушгихгүй байхыг хүсье.
З.Энхболд: -Хүсэлт хүлээж авахгүй. Асуултаа асуу.
Ч.Хүрэлбаатар: -Миний эрхэнд халдаж байна. Ерөнхий сайд төслөө татаж авах хэрэгтэй.
С.Дэмбэрэл: -Анх өргөн барьсан төсөл муу байсан. Одоогийнх нь дунд. Үүнийг арванхоёрдугаар сарын 31-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ хугацаанд бусад татвартай холбоотой хуулиудаа цэгцлэх хэрэгтэй.
Д.Ганхуяг: -Дээрх төслийг өмнө нь өргөн барьж, буцаан татаж цаг хугацаа алдсан учир ирэх долдугаар сараас гэж байснаа больж, аравдугаар сараас хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан.
З.Энхболд: -Шил архинд 100 төгрөгийн татвар ногдуулахаар ярьж байгаа. Энэ хэвийн хэмжээ гэж бодож байна гэв. Юутай ч төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ирэх аравдугаар сараас хэрэгжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
ГАЛ УНТРААХ ХУВИЙН БОЛОН ГЭРЭЭТ АНГИТАЙ БАЙНА
Мөн энэ өдөр Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжив. Төсөлд алслагдсан сум, суурин газарт гал түймэр унтраах сайн дурын хэсэг, хувийн болон гэрээт ангитай байх, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шилжүүлэхээр тусгажээ. Гишүүн Д.Тэрбишдагва төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд яагаад дөрвөн сар гаруй хэлэлцэлгүй, дарсныг тодруулсан.
Уг төслийг боловсруулан, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлгийг хийх явцад Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 100 гаруй санал гаргасан. Энэ нь төслийн 50-иас дээш хувийг өөрчлөхөөр байсан тул хууль санаачлагч нь татан авч дахин өргөн барьсан юм. Төслийг дахин өргөн барьснаас хойш нэлээд хугацаанд дарааллын сүүлд оруулсан байсан тул хэлэлцэлгүй удсан тал бий” хэмээн тайлбарласан.
Б.НОМИН