Монголын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Чех улсын “Ураниум индастри” ХК хамтран ураныг шар нунтаг хүртэл боловсруулах зорилгоор “Мон-Чех ураниум” компани байгуулж буй аж. Уг компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн баасан гаригт болжээ. “Мон-Атом” ХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Н.Батбаатар, гүйцэтгэх захирал Э.Галбадрах, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-иас ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Милан Клечка, ТУЗ-ийн гишүүн Мартин Кадлец нар гэрээнд гарын үсэг зурсан байна.
Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид, Бүгд найрамдах Чех улсын Сенатор Жараслов Доубрава, Монгол Улсаас Чехэд суух Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам нар оролцсон юм. Монгол болон Чех улсын хооронд 2012 онд байгуулсан геологи, хайгуул, уул уурхай, ураны чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд энэ ажил өрнөж буй аж. Чех улс хэдийгээр манай нэг аймагтай тэнцэхүйц хэмжээний газар нутагтай ч ураны 164 уурхайтай, энэ чиглэлээр хайгуул хийх, олборлох, байгалийг нөхөн сэргээх, атомын эрчим хүч ашиглах чиглэлээр хангалттай туршлагатай юм байна.
Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Хоёр орны ураны салбарын харилцаа болон өнөөдөр байгуулж байгаа компанийн үйл ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна. Хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц нь тогтоосон ордод төр 51-ээс доошгүй, хувийн хэвшил нөөцийг тогтоосон бол 34-өөс доошгүй хувийг эзэмшинэ. Гэхдээ эхлээд хайгуул хийж, нөөцөө тогтооно. Үүний дараа хувь хэмжээгээ эзэмшээд боловсруулах, ашиглах үйл ажиллагаа эхлэх юм” гэлээ.