Засгийн газраас эрүүл мэндийн салбарын төсвийг танаснаас эмнэлгүүд эмийн өрөнд орж, эм ханган нийлүүлэх компаниуд ирэх сарын 1 гэхэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоодгийн даваан дээр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба төсвийн асуудлаа саяхан шийдүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэлийн II, III шатлалын эмнэлгүүд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн өрөнд унаад байгаа.
Уг өрийг ЭМСЯ, Сангийн яамтай хамтран, энэ оны дөрөвдүгээр улиралд улсын төсвөөс эм, тарианы хэрэгсэлд зориулж авах ёстой 10 тэрбум төгрөгөө хоёр болон гуравдугаар улиралд шилжүүлж авахаар болсон юм. Тэгтэл зарим эмнэлгийн удирдлагууд “Одоогийн баталсан нэг сарын эмийн төсөв бодит тооцооллоос бага. Тиймээс эм үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс эм, тариагаа дахин зээлээр авах болно” гэсэн байр суурьтай байна. Үүнийг нь Г.Шийлэгдамба сайд улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулсны дараа шийдэхээр болжээ. Нэг үгээр тэдний тооцоолсон эмийн өртөг бодит байна уу гэдгийг нарийн шалгах аж.
Тавдугаар сарын 30-ны байдлаар Өвөрхангай аймаг 445.5 сая, Баян-Өлгий 106.2, Говьсүмбэр 184.5, Завхан 253.1, Хөвсгөл аймаг 565.5 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн өртэй юм байна.