УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 91 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Анхдугаар Үндсэн хуулийн дагуу Улсын анхдугаар хурлаас Улсын бага хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулсан нь Монголын парламентын үндэс болсон гэж үздэг.
Энэ үеийн УБХ 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй ч АИХ-ын чөлөө цагт төрийн эрх барих, хууль тогтоох, улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх ард олны төлөөллийн байгууллага болж байсан билээ.
Бид 1992 онд дөрөв дэх шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан хувьсгалын үр дүнд олж авсан хүний эрх, эрх чөлөө, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зарчмыг баталгаажуулж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байна.
Ардчиллын 25 жилийн түүхэн дэх Үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, нийгмийн хөгжлийн өөрчлөлттэй уялдуулан Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлага гарч байгааг харгалзан УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн бариад байна.
Энэхүү төслийг ард түмнээсээ асууж, нухацтай хэлэлцэж, цаг алдалгүй батлах нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан ололтыг бэхжүүлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.
Энэ өдөр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ингэснээр Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөр болон улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн жилийн эцсийн хэрэгжилтийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхээр болж буй.
Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын болон Хот байгуулалтын тухай хуультай уялдуулан боловсруулах, төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулсан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл нь урт болон дунд хугацаанд хэрэгжих баримт бичигтэй нийцэж буй, эсэх, түүнд тусгасан төсөв, санхүүгийн тооцоо, санхүүжилтийн эх үүсвэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хуульчлав. Тус хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
БАГШ, ЭМЧ НАР АЖЛАА ӨГӨЛГҮЙГЭЭР СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ
Энэ өдөр хэд хэдэн хууль баталсны нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль байв. Х.Тэмүүжин нарын гишүүний санаачилсан энэхүү хуулиар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.6-д улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихийн тулд тухайн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа татгалзахаар хуульчилсныг өөрчилж байгаа юм.
Ингэснээр багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагч ажлаа өгөлгүйгээр сонгуульд өрсөлдөх эрхтэй болж буй. Дашрамд дурдахад, дээрх заалт хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Цэц дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэснийг УИХ хүлээж аваагүй ч санаачилгаараа хуулиа засварласан нь энэ.
Нэгэнт хууль тогтоох байгууллага Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй учраас үүнийг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг өнөөдөр товлоод байна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГОО ШИНЭЧЛЭВ
Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг мөн энэ өдөр батлав. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийсэн. Энэ нь цоо шинэ бодлого биш юм.
Өөрөөр хэлбэл, 2003 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого хоёр үе шаттай хэрэгжин энэ онд дуусаж буй бөгөөд тус салбарыг дараагийн түвшинд хүргэх баримт бичгээ баталсан нь энэ.
Байнгын хорооны дарга Су.Батболд өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангаж, амжилттай ажилласан ч олон улстай харьцуулахад хөдөө аж ахуйн салбар дахь нэгжийн гарц, боловсруулалтын түвшин доогуур буюу эдийн засгийн үр ашиг багатайг онцолсон.
Тиймээс ирэх арван жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжлийн гуравдугаар үе шатанд гаргах зорилтыг салбарын бодлогод дэвшүүлсэн байна.
Ингэхдээ уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газар орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэхээр тусгажээ. Бодлогын баримт бичгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө.
“ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛ НУУРТ НӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭСЭН”
Түүнчлэн өчигдөр Эрчим хүч хэмнэлтийн тухай болон Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын “Экспорт, импорт” банк хооронд байгуулах тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг баталлаа.
Зээлээс 703.5 сая ам.долларыг “Эгийн голын усан цахилгаан станц” төсөлд, 102.5 сая ам.долларыг Улаанбаатар-Мандалговь чиглэлийн цахилгаан станцын агаарын шугам барихад, 40 сая ам.долларыг Эрдэнэтийн дулааны станцыг шинэчлэхэд, 66.2 сая ам.долларыг мах боловсруулах үйлдвэр байгуулахад, 20 сая ам.долларыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зарцуулахаар төлөвлөжээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ө.Энхтүвшин “Эгийн голын усан цахилгаан станц барих талаар 1990-ээд оны дунд үеэс ярьсан. Ингэхдээ Азийн хөгжлийн банк болон БНХАУ-аас зээл авна гэхчлэн санхүүжилтийн олон хувилбарын талаар ярьж байсан. Яагаад өмнөх зээлүүд бүтэлгүйтсэн юм бэ. Нөгөө талаас ОХУ энэ төслийг дэмжихгүй байгаа сурагтай. Талууд ойлголцож, тохирсон юм уу” гэж асуухад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Энэ төслийг УИХ, Засгийн газрын түвшинд тус бүр гурван удаа хэлэлцэж байсан.
Улс төрийн болон үнэ тарифтай холбоотойгоор эргэж, буцаж байсан. ОХУ-ын зүгээс Байгал нуурт цутгаж буй гол дээр цахилгаан станц барих гэж байна гэж ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагад хандсан. Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр хурлын үеэр Байгал нуурт үзүүлэх нөлөө байхгүй гэсэн дүгнэлтийг олон улсын зөвлөх компани гаргаснаа танилцуулсан.
Оросууд Шүрэнгийн усан цахилгаан станц дээр асуудал үүсгэдэг” гэсэн хариулт өгч байлаа. Харин гишүүн Н.Алтанхуяг тус зээлийг эрчим хүчний салбарт зарцуулах нь буруу, аж үйлдвэрийн салбарт зориулах ёстой гэж байсан юм.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Ингэснээр Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлэхээр болж байгаа юм.
Б.НОМИН