Энэ жил нийслэлийн ойн өдрөөр “Хангарьд” одонгоор шагнуулсан эрхэм бол “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн ашиглалтын албаны дулааны шугам хоолойн слесарь Цэрэндашийн Гомбодорж. Дулааны инженер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер гэсэн хэргэмтэй түүнийг слесарь гэж танилцуулахдаа жаахан санаа зовж байгаа ч одоо эрхэлж буй ажлын байр нь яах аргагүй тийм учраас өөр арга алга.
Компанидаа 41 дэх жилдээ ажиллаж буй түүний хур мэдлэг, туршлага, ур чадварыг хэн нэгнээр орлуулах амаргүй тул Ц.Гомбодорж гуайг 2012 онд тэтгэвэрт гарахад нь “Улаанбаатар дулааны сүлжээ”-нийхэн слесарийн орон тоон дээр авч үлдсэн хэрэг.
“Та одоо тэгээд слесарийн ажил хийдэг үү” гэж түүнээс асуухад “Дулааны шугам хоолойг өргөтгөх, шинэчлэх ажлын зураг төслөөс эхлээд угсрах, суурилуулах, Улсын комисс хүлээж авах хүртэлх бүх шатанд хяналт тавина. Ихэвчлэн инженерийн ажлаа л хийнэ шүү дээ. Би слесарь хийж чадахгүй. Тэр чинь хэн дуртай нь хийдэг ажил биш” гэв.
Бас “Та нар намайг слесарь гээд олзуурхжээ дээ, янз нь” хэмээн өөдөөс инээмсэглэн хариу асуух нь тэр. Үнэндээ тийм л дээ. Нийслэлээс олгодог хамгийн дээд шагнал “Хангарьд” одонгоор слесарь хүн шагнуулсан гэхээр олзуурхсан хэрэг. Харин түүнтэй ярилцсаны дараа “төөрсөн” урилга маань үнэндээ зөв хүнд оччихсоныг ойлгоод баярлав.
Өөрөө бүхнийг хийх нэг хэрэг, харин хамт олныг зөв удирдан зохион байгуулж, хүмүүсээр ажил хийлгэх нь огт өөр зүйл гэдгийг Ц.Гомбодорж гуай сайн мэднэ. Улаанбаатар хэмээх их айл өнтэй, дулаан өвөлжих, эсэх нь тэдний хамт олны хичээл зүтгэлээс шалтгаалдаг.
Энэ ажлаа тэд хариуцлагатай, сайн хийж ирсний илрэл нь 1975-1981 онд хотын дулааны шугам сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг алдагдуулсан ноцтой осол гэмтэл гарч, нийслэлчүүдийг гал алдуулж зутраасан тохиолдол үгүй гэнэ.
ХОТЫН ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ СИСТЕМ
ТҮҮНИЙ ТАРХИНД ХАДГАЛААСТАЙ
Тэрбээр 1974 онд Политехникийн дээд сургууль (одоогийн ШУТИС) төгсөж, Төв цахилгаан станцад ээлжийн даргаар нэг жил ажиллаад, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанид ээлжийн инженерээр орсон түүхтэй. Түүний тархин дотор Улаанбаатарын газар доорх хотын сүүлийн 40 жилийн зураг төсөл, түүх намтар тэр чигтээ бий гэсэн.
Тухайлбал, Бага тойруу орчмын айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангадаг шугам хэдэн онд ашиглалтад орсон, аль хэсгийг нь хэзээ шинэчлэх шаардлагатай, ямар тоноглол сонгох ёстой гэх мэт бүх тооцоо, судалгаа Ц.Гомбодорж гуайн “Hard” дискэнд хадгалаастай.
Газар доорх “хот”-ын 170 км урт, хос шугамын аюулгүй байдлыг хариуцаж асан тэрбээр “Дулааны шугам тоноглолд байнгын үзлэг, хяналт шалгалт хийж, төв шугамд гарч болзошгүй аливаа эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулбал ноцтой осол гарах нь бага байдаг” хэмээв.
Дулааны шугам дээд тал нь 30 жилийн эдэлгээ даадаг аж. Гэхдээ Улаанбаатарт 30-аас дээш жил ашиглаж буй шугам хоолой олон байгаа учраас цаашид аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтыг улам сайжруулах хэрэгтэйг зөвлөх инженер анхааруулав.
Хариуцсан шугам хоолойгоо хэвийн ажиллаж буй эсэхийг хянах ёстой ээлжийн слесарь, инженерүүд ялимгүй хариуцлага алдахад л олон айл өрх, албан байгууллага гал алдах, цаашлаад улс оронд асар их хор хохирол учруулах эрсдэлтэй гэдэг нь яалт ч үгүй үнэн. Дээр Ц.Гомбодорж гуайн хэлсэнчлэн энэ салбарт дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг байх сахилга бат маш чухал.
Ажилтнууддаа үлгэр дуурайл үзүүлдэг дарга болох гээд слесарийнхаа урдуур гүйж орох эрх инженерт байхгүй гэнэ. Хүн бүрийн хийх ёстой ажил тусдаа, үүрэх хариуцлага ч ангид. Тиймээс хагас цэргийн зохион байгуулалттай гэгддэг энэ албанд өдгөө ямар ч “том толгойтой” хүн орсон байлаа гээд хамт олныхоо дунд хүмүүждэг тул ажил цалгардуулах явдал бараг гардаггүй гэсэн.
Гэхдээ ажил, амьдралын урт замд сайн, саар хоёр сүлэлдэн оршдог нь жам хойно эгзэгтэй, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг алийг тэр гэх вэ. Хааяа дарга, цэрэггүй хоёулаа бангадуулна. Хэлээд үг авдаггүй, хайхрамжгүй доод албан тушаалтнуудаа алгадаад авах энүүхэнд.
Цэл залуугаасаа дарга хийсэн тэрбээр зарим үед дүрсхийн асах уураа барьж хүчирдэггүй байснаа ч нуусангүй. Тэгээд нэмэргүй бол сайн ажилласан хүнд сар тутам олгодог нэмэгдэл цалинтай нь “ярьдаг” байжээ.
Сарын цалингийнхаа 20-30 хувьтай дүйх нэмэгдэл авдаг хүмүүст энэ бол том шийтгэл гэнэ. Гэхдээ энэ нь хүний амь амьдралтай холбоотой зүйл учраас шударга хандахыг хичээдэг гэсэн.
ШОРОНД ОРОХ ШАХСАН НЬ
Нэг өвөл Толгойт орчмын дулааны томоохон шугамын хөдөлгөөнгүй тулгуур гэмтэж, шугам цоорсноос болоод Улаанбаатарын баруун хэсэг тэр чигтээ хөлдөх аюул нүүрлэжээ. “Тэгэхэд буцламгай ус урдаас сад тавиад, хүн ойртохын аргагүй их хэцүү байж билээ. Гэмтсэн хөдөлгөөнгүй тулгуур, цоорсон шугам хоёрыг засахын тулд тал талд нь хаалт хийж үзнэ.
Ажил дуусах яагаа ч үгүй байхад хаалт нь сэтрээд халуун ус ороод ирнэ. “Одоо ч өнгөрлөө дөө, яана” гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Тэр үед би ашиглалтын албаны дарга байсан юм. Тэгсэн манай дарга намайг дуудаад “Наад шугамаа засаж чадахгүй бол хотын тал нь хөлдөнө. Тэгэхээр чи “Ганц худаг”-т орно доо. Дулаан хувцсаа бэлдээрэй” гэж билээ.
Олон жил болсон дулааны шугамууд гэмтэх нь амархан тул иймэрхүү тохиолдол цөөнгүй гарч байсан ч улаанбаатарчуудын буян заяа түшдэг юм байлгүй, айхтар ноцтой асуудал үүсээгүй” хэмээн Ц.Гомбодорж гуай дурслаа.
Харьцангуй хуучин шугам хоолойтой гэхэд өнгөрсөн хугацаанд бүх нийтийг хохироосон ноцтой асуудал үүсгээгүйн шалтгааныг тэрбээр “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд болон дотоод зохион байгуулалт, уур амьсгал, дэг журамтай холбон тайлбарласан.
ШИНИЙГ САНААЧЛАГЧ
Тэрбээр өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог ашиглан, дулааны шугам тоноглолд хэд хэдэн нэр төрлийн сэлбэг материал шинээр хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Тэдгээр нь шугам тоноглолд гарсан гэмтлийг засах ажлыг хөнгөвчлөх, хугацааг богиносгоход ихээхэн үр дүнгээ өгсөөр 20 гаруй жилийн нүүр үзсэн байна.
Тухайлбал, төв шугамд гарсан гэмтлийг засахдаа хэрэглэгчдийн дулааныг таслалгүйгээр хаалтаа илүү боловсронгуй болгох багаж бүтээжээ. Мөн түүхий нүүрс түлдэг том, жижиг оврын 156 уурын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг санаачлан, зохион байгуулсан эрхэм бол Ц.Гомбодорж гуай.
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд түүний хамт олонтойгоо гар нийлэн хийсэн энэ ажлын үр дүнд нийслэлийг тойрон “бүслээд” байсан том, жижиг уурын зуух цөөрч, улс, хотын болон аж ахуйн нэгжийн төсөвт 2.7 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гарсан гэдэг юм билээ. Ийм нэгэн хүмүүн бидний дунд эгэл даруухнаар аж төрж буй.
Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг тэрбээр залуудаа ажлын хажуугаар юм юм сонирхож явсны нэг нь шатар. Тэгээд болоогүй, шатрын спортын дэд мастер цолтой юм билээ.
Л.ГАНЧИМЭГ