2015 оны арваннэгдүгээр сарын 25. Монголын бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 108 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгаж буй нь
Үхэлтэй хэзээ нэг өдөр “уулзах” нь дамжиггүй. Гэхдээ тэр хугацаагаа уртасгахаар олон хүн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд хандсаар байна. Уржигдар биднийг тус эмнэлэгт очиход Монголын бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 108 дахь хүндээ хагалгаа хийж байв.
Нефролог, уролог, ерөнхий мэс засалч, дархлал судлаач, анестезиолог, лабораторийн эмч, сувилагч нар багийн зарчмаар ажилласаар. Улаанбаатар хотын иргэн, 26 настай залууд ээж нь донор болсноор бас нэгэн хүнд Монголын эмч нар амьдрал бэлэглэж буй нь энэ.
Хагалгаа 08.00 цагт эхэлж, 13.40 цагийн үед дуусах тийш хандав. Мэс заслын үед ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд өвчтөн, донорын бие сайн байгааг эмч нар хэллээ. Тухайн үйлчлүүлэгчийн биеийн байдал, хагалгааны үе шатаас хамаараад мэс засал 5-6 цаг үргэлжилдэг аж.
ХАГАЛГААНЫ ЗАРДЛААС ГАДНА
10 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Эрхтэн солиулсан өвчтөнүүдээ хагалгааны дараах өрөө рүү шилжүүлдэг юм байна. Энд 26-49 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хэвтэн эмчлүүлж байв. Тэдэн дээр 26 настай А нэмэгдсэн. Тасаг тохитой, дэглэм чанд сахидаг нь илт. Өвчтөнүүд мэс заслын дараа 21-30 хоног сувилуулаад эмнэлгээс гардаг гэнэ. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй П.Цэцэгжаргалаас зовлон жаргалыг нь сонсоход “Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын VII багаас ирсэн. Ам бүл дөрөв, хоёр хүүхэдтэй.
Одоо 50 нас хүрч байна даа. 2012 онд бөөрний дутагдалтайгаа мэдээд өнгөрсөн хугацаанд гемодиализын эмчилгээ хийлгэж ирсэн. Энэ нь өдөр, хоног аргацаах эмчилгээ тул бөөр шилжүүлэн суулгуулахаар шулуудаж, арваннэгдүгээр сарын 5-нд хагалгаа хийлгэлээ. Өмнө нь бөөр үрэвсэлтэй гээд эмчилгээ хийлгэж байснаас дутагдалд орчихно чинээ бодсонгүй.
Тухайн үед толгой их өвдөнө, дотор байнга муухайрна. Шээс бага ялгардаг учраас бие хордоно. Сүүлдээ биеэ ч дааж чадахааргүй болчихдог юм билээ. Харин 43 настай, эмэгтэй дүү маань надад бөөрөө бэлэглэснээр бүх зүйл сайхан боллоо.
Бие маань ч сайжирсан. Удахгүй эмнэлгээс гарна. Манай эмч нар үнэхээр чадвартай, алтан гартай. Тэдэндээ маш их баярлаж байгаа. Хагалгаа хийлгэхэд багагүй мөнгө ордог юм байна. Мэс заслын зардалд 4.5 сая төгрөг тушаасан. Түүнээс гадна хагалгаанд шаардлагатай утас зүү, эм тариа, хэрэгслийг өвчтөнүүд өөрсдөө гаргадаг юм билээ.
Үүнд нь бараг 10 сая гаруй төгрөг зарцуулсан. Хэдийгээр хагалгааны зардлын тодорхой хувийг Эрүүл мэнд, спортын сайдын багцаас өгч буй ч өртөг өндөртэй учраас өвчтөнүүд 15 сая төгрөг төлж байна. Гэхдээ бөөр орлуулах аппаратад ордог байхад санхүүгийн хувьд үүнээс ч хүнд байсан л даа.
Улаанбаатарын хувийн эмнэлэгт гемодиализын аппаратад нэг удаа ороход л 180-аад мянган төгрөг. Долоо хоногт гурав ордог байсан. Манай аймагт бөөрний аппарат байхгүй. Хот руу ирж чадахгүй үедээ Өмнөговь аймагт эмчилгээ хийлгэдэг байсан. Ирж, очих замын зардал, эмчилгээний төлбөр гээд ар гэрийн амьдралд хүндээр тусах нь ойлгомжтой.
Төрөөс төсвөө олигтойхон батлаад өгчихгүй байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд ард иргэд туйлдаж байна. Мөнгөгүй олон хүн бөөрөө солиулж чадахгүй аппаратад орж, өнөө, маргаашаа торгоосоор байгаа. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй хагалгааны зардлыг даатгалаас санхүүжүүлэх шаардлагатай” гэж ярив.
БӨӨР СОЛИУЛСАН ИРГЭД ЖИЛД ДӨРВӨН САЯ ТӨГРӨГИЙН ЭМ УУДАГ
Хүмүүс эрхтэнээ солиулаад л 100 хувь эдгэчихдэг мэтээр ташаа ойлгодог. Гэтэл ачир дээрээ байдал хэцүү бололтой. Өөр хүнээс “сэлбэг” авсан учраас түүнийгээ гамтай эдэлж, хэрэглэхийн тулд хичээж амьдрах хэрэгтэй. Хүний эрхтэнийг өөртөө наахын тулд насан туршдаа дархлаа дарангуйлах эм ууна. Энэ хорвоогоос буцах хүртлээ эмчээ “эргэж тойрно”.
Хүчтэй эм уудаг учраас дархлаа гэх юм үгүй болно. Тиймээс вирусийн гаралтай өвчин эмгэгт өртөмхий, үргэлж ариутгаж, халдваргүйжүүлсэн “вакуумд” олны хөлөөс дайжиж амьдрах нь тийм ч амар биш. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн менежер Д.Долгор “Бөөрөө солиулсан өвчтөнүүдэд антибиотик эмчилгээнүүд хийдэг.
Тухайн хүнд илэрч буй шинж тэмдгээс нь хамаараад эмээ сонгодог. Дээрээс нь дархлаа дарангуйлах, вирусийн эсрэг, ходоодны салст хамгаалах эм байнга ууна. Нэмэлтээр эд эсүүдийг нь нөхөх маягаар төрөл бүрийн эрдэс, амин дэм хэрэглүүлдэг. Өвчтөнд дархлаа дарангуйлах эмчилгээ хийдэг тул суурь өвчнүүд нь сэдрэх, өөр өвчин амархан тусах аюултай.
Тиймээс хагалгаа хийлгэснээс зургаан сарын дараа гадагшаа гарахыг зөвшөөрдөг. Ингэхдээ амны хаалт хэрэглэнэ. Гэртээ байхдаа ч халдваргүйжүүлсэн ариун нөхцөлд байх ёстой. Өрөө тасалгаагаа ионгүйжүүлнэ гэсэн үг. Мөн олон нийтийн газраар аль болох явахгүй, гэр орондоо олон хүн цуглуулахгүй, шаардлагатай үед өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.
Мэдээж хорт зуршлуудаа хаяж, өөх тос, давс, чихрийг хязгаарлана. Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн өнгөтэй, хурц амттай (лемон, жүрж) жимс идэхгүй, ундаа, жүүс уухгүй, хүнд юм өргөхгүй гэх зэргээр солиулсан эрхтэнээ гаднын “халдлагаас” сэргийлэх нь зүйн хэрэг” гэсэн юм.
Эдгээр дэглэмийг баримтлаагүйгээс солиулсан эрхтэн нь ховхорч унавал буцаад бөөр орлуулах эмчилгээ хийлгэж, мэс засалд орох шаардлагатай болдог аж.
Эмнэлэгт байхгүй, тухайн жил тендер зарлаагүй, эсвэл улсын төсөвтэй холбоотойгоор авч чадахгүй эм, хэрэгслээ өвчтөний ар гэрийнхнээр авахуулдаг гэнэ. Бөөр шилжүүлэн суулгуулсан иргэд амьдралынхаа туршид гурван төрлийн эм уудаг юм байна.
Эдгээрээс “Програф”-ыг улсаас үнэгүй өгдөг бол “Валтрекс”, “Майсейфт” гэсэн хоёр эмийг өвчтөнүүд өөрсдөө авдаг аж. “Валтрекс” 10 ширхэгтэй нь 58.000 төгрөгийн үнэтэй, өдөрт нэгийг уух ёстой. Харин “Майсейфт”-ийг өдрийн гурваар, 100 ширхэгтэй нь 165.000 төгрөгийн үнэтэй юм байна.
Энэ нь нэг сарын л хэрэглээ гэсэн үг. Тэгэхээр зөвхөн эдгээр эмийг авч уухын тулд нэг хүн жилд дөрвөн сая орчим төгрөг зарцуулах нь.
Б.МӨНХЖАРГАЛ: БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН 10-ААД ХҮН НАС БАРСАН
Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн их эмч Б.Мөнхжаргал эмнэлгээс гарсан өвчтөнүүдийг хариуцан ажиллаж, хяналт тавьдаг. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өвчтөнүүд эмнэлгээс гарсныхаа дараа хэдий болтол хяналтад байж, үзлэг, шинжилгээ хийлгэдэг юм бол?
-Эхний сард 3-5 хоног тутамд шинжилгээнүүд өгнө. Ямар нэгэн өөрчлөлттэй гарвал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэнэ. Биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүд нь харьцангуй сайжраад ирмэгц долоо, 14, 21 хоног тутамд үзүүлдэг. Харин хагалгаа хийлгэснээс хойш гурван сарын дараагаас сард нэг удаа үзүүлээд явахад гэмгүй.
-Бөөр шилжүүлэн суулгах багийнхан 2006 оноос хойш 108 дахь хагалгаагаа хийлээ. Өнгөрсөн хугацаанд бөөр солиулсан иргэдэд ямар нэгэн хүндрэл гарав уу?
-Гайгүй ээ. Бүгд манай эмнэлгийн хяналтад байдаг.
-Тэгэхээр 108-уулаа эсэн мэнд байгаа гэсэн үг үү?
-Үгүй л дээ. Нас барсан 10-аад хүн бий. Тэдний олонх нь элэгний үрэвсэлтэй, тэр нь сэдэрсэн, мөн авто ослоор хорвоог орхисон хүн ч байгаа.
-Хагалгааны дараа давтан үзлэг, шинжилгээ их хийдэг юм байна. Зардлаа хүмүүс өөрсдөө төлдөг үү?
-Даатгалаас санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар даатгуулагчид улиралд нэг удаа 165.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон. Үүгээрээ шинжилгээгээ өгөөд явж байгаа. Зарим эм өндөр үнэтэй л дээ.
Тиймээс үйлчлүүлэгчид даатгалын урамшуулал нь хэтэрсэн тохиолдолд 10-30 мянган төгрөг халааснаасаа гаргах үе байна.
-Бөөр солиулсан хүмүүс хэр удаан амьдардаг юм бэ. Жирийн хүмүүс шиг хөдөлмөр эрхлэх боломж нь бага юм шиг санагддаг.
-Хэр удаан амьдрах нь тухайн хүнээс шууд хамааралтай. Дэглэмээ бариад явбал жирийн хүн шиг урт насалж болно. Хагалгаа хийлгэснээс хойш гурван сарын дараа хөнгөн ажил хийхийг зөвшөөрдөг.
Тэгэхдээ аль болох ядрахгүй, ханиад хүрэхгүй, дулаан хувцаслаж байх хэрэгтэй. Хамгийн гол нь эмч нарын зааж зөвлөснөөр хоол, хөдөлгөөний дэглэмээ баримтлах нь зүйтэй.
-Гадаадад эрхтэн солиулсан иргэд танай хяналтад байдаг уу?
-БНСУ, Энэтхэг, Япон, манайд бөөр суулгуулсан нийт 170-аад хүн бидний хяналтад бий. Өдгөө бөөр шилжүүлэн суулгуулахаар бэлдэж буй 3-4 хүн байна. Бөөр солиулах иргэдэд шаардлагатай шинжилгээг нь хийгээд багийн хурлаараа оруулаад, донор, өвчтөний эд эсийн тохироо бүрдвэл шууд хагалгаа хийдэг гэж ярив.
Нэг сая хүн тутмын 40-60 нь бөөрний архаг дутагдлаар хорвоог орхидог гэсэн судалгааг ДЭМБ гаргажээ. Харин манайд жил бүр 80-100 хүн ийм эмгэгт өртдөг аж. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нь архаг дутагдалтай хүмүүсийн амьдрах хугацааг уртасгах үндсэн арга юм.
Манай улс одоогийн байдлаар тархины үхэлтэй дөрвөн донороос бөөр авч, найман хүний амь аварчээ. Гэсэн ч улсын хэмжээнд бөөр солиулах, аппаратад орох шаардлагатай олон хүн байгааг эмч нар хэлсэн.
Эрүүл мэндийн даатгалын шинэ хуульд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны өртгийг хөнгөлөх нэг ч заалт ороогүй, дээрээс нь гемодиализын аппарат хүрэлцдэггүйгээс яг одоо хэн нэгэн нь нүд аньж байхыг ч үгүйсгэхгүй.
О.БАТ-УНДРАХ