Хятадаас нэг тэрбум ам.доллар зээлж, дийлэнхээр нь усан цахилгаан станц барихаар болсон. Энэтхэг улсаас зээлэх тэрбум ам.доллар орж ирэх хугацаа нь дөхөж, түүнийг юунд зарцуулахаа хэлэлцэж эхлэв. Засгийн газрын өр ойролцоогоор дөрвөн их наяд төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой боллоо.
Бас энэ жилийн төсвийг 900 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Мөн л зээл авч нөхөж таарна. Сангийн яамныхны танилцуулсан тооцоогоор гуравдугаар улирлын байдлаар Засгийн газрын өр 13.9 их наяд төгрөгтэй дүйж буй юм.
Үүний 10.2 их наяд нь гадаад, 3.7 их наяд нь дотоодоос авсан зээл. Засгийн газрын өр нийтдээ 19 их наяд орчим төгрөгт хүрэх нь. Ингэхээр улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 80 орчим хувьтай тэнцэнэ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын өрийг ДНБ-ий 58.3 хувиас доош байхаар заасан. Энэтхэг, Хятадын Засгийн газраас зээлсэн хоёр тэрбум “ногоон” Монгол Улсын дансанд бүртгэгдэхийн өмнө Төсвийн тогтвортой байдлын хуулийг өөрчилье гээд хашгираад унах вий.
Өрийн хязгаарыг нэмэхийн тулд ингэх нь дамжиггүй. Уг нь төр тогтоосон хууль дүрэмдээ ажил хэргээ нийцүүлэх ёстой. Ингэх л гэж хууль баталдаг. Гэтэл Монголын төр хуулийг ажил хэрэгтээ нийцүүлж засдаг буруу зам руу хальтираад удаж байна.
Төсвийн сахилга батыг сайжруулах, улстөрчдийн дураараа дургисан үйлдлийг хазаарлах гэж энэ хуулийг баталсан. Уг нь тогтвортой байдлын хууль хэрэгжүүлээд амжилтад хүрсэн Чили гэх мэт орнуудын сайн жишгийг дуурайсан санаатай.
Гэвч хуулийн үндсэн зорилтыг хөсөрдүүлсээр өдий хүрэв. Засгийн газрын өр, алдагдлыг нь зохистой түвшинд барьж байж төсөв тогтвортой байна. Хууль батлагдсаны дараа жил л парламент төсвийн алдагдлыг хоёр, улсын өрийг ДНБ-ий 40 хувьд барьж, зохистой түвшинд ойртуулсан.
Түүнээс хойших гурван жилд төсвийн алдагдлыг тав, улсын өрийн хязгаарыг 58.3 хувьд хүргэж зорилгыг умартлаа. Ингээд тогтвортой байдлын хууль нэр төдий л баримт бичиг болж хувирав. Монголчууд хуулийг үнэхээр гууль болгож чаддаг хүмүүс юмсанж.
Төсвийн тогтвортой байдлын хуулийг өөрчлөх нь гарцаагүй болсныг дээр дурдсан. Засгийн газар үйлдлээ юу гэж тайлбарлах нь сонин. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Их хэмжээний валют орж ирэхээр ханш нь багасна. Ханш нь буурахаар өрийн ДНБ-д эзлэх хувь буурдаг.
Ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт нийцнэ” гэж ярив. Түүнийхээр бол хоёр тэрбум “ногоон”-ы зээл ороод ирвэл ам.долларын ханш хар аяндаа сулрах юм байна. Ингэхээр зээлийн хэмжээ буурч, хуулийн хязгаарт нийцэх гэнэ. Ийм гэнэн тайлбарт хэн ч итгэхгүй.
Барагцаалбал ам.долларын ханш 20-30 хувиар буурч байж Засгийн газрын өр тогтоосон хязгаарыг давахгүй байх үндэстэй. Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал валютын ханшийг одоогийн түвшинд тогтворжуулах сонирхлоо үе үе илэрхийлж байгаа.
Түүнээс гадна нөөц хомсодсон учраас орж ирсэн долларыг валютын зах руу гаргахгүй хадгалахыг бодно. Ер нь “ногоон”-ы ханшийг огцом сулруулвал зах зээлд савалгаа үүсгэж мэднэ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах санаачилга Монголын парламентад байсан. Гэтэл зохистой хязгаарыг нь яагаад мөрдүүлж чадахгүй байна вэ? Ухаан дутаагүйг бүгд мэдэж байгаа. Харин тэдэнд хүсэл зориг алга. Тэдний хүсэл зоригийг явцуу эрх ашиг нь мохоосон.
Бүр тодруулбал, эрх мэдлээ хадгалж үлдэх, дахин сонгогдох гэсэн адын хүсэл нь тэдний нүдийг хаадаг. Тэгээд холын хараа нь муудаж, сонгуулийн дөрвөн жилийн зайд харж, сэтгэж байна.
Дахин сонгогдохын тулд олонд таалагдах учиртай. Таалагдахын тулд бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Бүтээн байгуулахын тулд мөнгө шаардлагатай. Улстөрчид иргэдэд таалагдахын тулд зөв жишгийг эвдэж, нийгэм, эдийн засгаа буруу зүг рүү чирч байна.
Төсвийн мөчлөг дагасан бодлогоос салъя гэж гаднаа хашгирдаг улстөрчдийн дотор бугшсан адын хүсэл нь буруу замаар будаа тээхээ буцдаггүй. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мөрдөх гэж хичээх нь тэдэнд утгагүй санагддаг биз. Хязгаарыг нь өөрсдийн хүсэлд нийцүүлж өөрчлөөд л гүйцээ. Тэгэх эрх тэдэнд бий.
Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байдаг олон улсын жишиг бий. Ийм нөхцөлд үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээл ажилладаг жаягтай. Гэтэл манайхан 10 хувь болгох гэж оролдсоор байна.
Дэлхийд тогтсон, шалгарсан стандарт учраас эрх баригчид эвдэж чадахгүй мунгинаж сууна. Зах зээлийн бус аргаар ч хамаагүй орон сууцны зээлийн урдчилгаа төлбөрийг 10 хувь болгох биз.
Сонгууль дөхөнгүүт “Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь боллоо” хэмээн бахдалтайяа зарлана гэж таамаглаж байна. Зах зээлийн тогтсон стандартыг хэрэгсдэггүй улстөрчдийн зан үүгээр мөн илэрч буй юм.
Монгол Улсын төсвийг уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөг дагадаг гэж тодорхойлдог байлаа. Уул уурхайн түүхий эдийн үнээс илүүтэй сонгуулийн амлалтын мөчлөг дагадаг нь өдгөө тодорч байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж залуусын саналыг авахын тулд оюутанд сар бүр тэтгэмж өгнө гэж амласан. Түүний амлалт төсвийн зардлыг жилд 100 тэрбум төгрөгөөр нэмсэн. Улсын төсөв улс төрийн амлалтаас шалтгаалдгийн нэг жишээ энэ. Үүнээс ч их зардалтай жишээ бий.
Тухайлбал, АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 2016 онд гэхэд бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно гэж амласан. Үүнийгээ биелүүлэхээр үхэн хатан зүтгэж байна.
Өрийн хэмжээг нэмсээр буй нь иймэрхүү хөрөнгө зардал ихтэй амлалтаа биелүүлэх зорилттой нь холбоотой. Тэд амлалтаа биелүүлэхийн тулд нэмж өр тавьсаар байна. Иймээс улс төрийн амлалтын мөчлөгийг дагуулж төсвөө зохиож байгаа юм.
Бүх сумыг хатуу хучилттай авто замаар холбоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нам дараагийн сонгуульд ялбал яана. Олон тэрбум ам.доллар зээлээд амлалтаа биелүүлэхээр зүтгэж таарах байх.
Энэ мэтээр буруу замаар алхсаар байх уу? Суурин газруудаа хатуу хучилттай замаар холбохыг буруу гээгүй юм шүү. Улс төрийн амлалт, тэмүүлэл нь эдийн засгийн зөв гольдролоо эвдэж байгаа учраас буруу гэж байгаа юм.
Сүүлдээ гадаадаас мөнгө босгож хүчрэхээ болиод өндөр хүү амлаж, дотоодын зах зээлээс хөрөнгө татаж байна. Арилжааны банкууд жилийн 16 хувийн хүүтэй, Засгийн газрын бондыг дуртайяа худалдаж авдаг болсон. Ингэснээр тэд хувийн хэвшлийнхэнд зээл өгөхөөс татгалзаж байна.
Эдийн засгийн бодит секторыг дэмжих мөнгөний урсгалыг Засгийн газар татаад авчихаар цусны эргэлтгүй болж байна. Засгийн газрын амлалтын төлөөх төсөв эдийн засагт ийм хор учруулав. Гольдролыг нь ингэж эвдэв.
Мөнгөний бодлогоор зах зээлийг дэмжиж, төсвийн сахилга батыг баримтлах нь эдийн засгийн эрүүл өсөлтийг бий болгодгийг нотолсон Милтон Фридман Нобелийн шагнал хүртсэн.
Манайхтай адил уул уурхай давамгайлсан эдийн засагтай Чили улс түүний онолыг хэрэгжүүлж, ДНБ нь тогтвортой өссөөр байна. Бид тэднийг дуурайх гэж оролдож буй ч адын хүсэлдээ тушигдсаныг та ойлгосон байх.
Зөв зүйлд зарцуулбал өр тавих нь буруу биш. Харин эдийн засгийн өсөлтөө дэмжих, бүтцийг нь эрүүлжүүлэхэд зарцуулбал туйлын зөв. Харин халамж олгохын тулд бусдаас мөнгө зээлбэл хэн ч зөвтгөхгүй. Манай улс импорт давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй.
Экспортыг нэмэгдүүлэх, импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэхэд Хөгжлийн банкны хөрөнгийг зарцуулах шаардлагатай байна. Засгийн газрын зээл аваад, Хөгжлийн банкинд байршуулна. Түүнийг үйлдвэржихэд зарцуулбал өр тавихаас айх зүйл алга.
Татварын орлогоороо зам тавьж, сургууль, цэцэрлэг барихад хөрөнгө оруулбал ямар вэ. Гэтэл манайхан Хөгжлийн банкийг төсвийн хөрөнгө оруулалтын нэг суваг болгож ашиглаж байна. Хөгжлийн банкийг төсвийн нэг хэсэг болгож байгаа нь бидний алхаж буй бас нэг буруу зам юм.
Т.ЭНХБАТ