Та автобусны буудал, зах, худалдааны төв зэрэг олны хөлийн газраар явахдаа ийш тийш сайн ажиглаж, сэрэмжтэй байгаарай. Энд тэнд гөлөн гөлөн гэсэн хэсэг хүн хэн нэгний сонор сэрэмж алдсаныг далимдуулан “сэгсрэх” гэж яваа нь андашгүй.
Намар, өвөлдөө монголчуудынхаа халаасыг, зун жуулчид Монголыг чиглэсэн үед харийнхны халаасыг “тэмтэрч”, дэлхийд Монгол Улсыг муухай харагдуулж байгаа хүмүүс бол хулгайч нар. Тэр дундаа халаасчид.
Хэдэн жилийн өмнө “Жуулчдад ээлтэй Монгол” ч бил үү, нэг хөтөлбөр зарлан гадаадынхныг татах болсон. Энэ хүрээнд гайгүй хэдэн жуулчин ирсэн байх. Харамсалтай нь, тэд таагүй сэтгэгдэлтэй буцаж, улмаар жуулчдад халгаатай орны тоонд нэлээд дээгүүрт манайхыг оруулсан.
Жуулчдад халгаатай Монгол болсны гавьяа хэнийх вэ гэвэл бүгд дуу нэгтэй “Халаасны хулгайчдынх” гэж хэлэх байсан нь гарцаагүй.
Жуулчин Буянт-Ухаад, эсвэл Төмөр замын төв буудалд буугаад 30 минутын дараа бичиг баримт, карт, мөнгө төгрөгтэй хэтэвч цүнхээ алдчихна. Ийм байдлаар халдлагад өртсөн аялагч яаж ч өөдрөг сэтгэлтэй буцах вэ.
ХУЛГАЙЧДЫГ ХЭҮК ӨӨГШҮҮЛЖ БАЙНА УУ
Гадаадынхан бүү хэл, монголчууд бидний дунд хулгайд эд зүйлээ алдаагүй, халаасны хулгайчийн хохирогч болоогүй хүн цөөн гэдэгтэй санал нийлэх биз. Автобус, зах, олон хүний дараалал үүссэн газарт явж байхдаа гар утас, хэтэвч, мөнгө, үнэд хүрэх зүйлээ алдаж байгаагүй хүн цөөн.
Ялангуяа хөдөөнөөс Цагаан сар, хичээлийн шинэ жилийн бэлтгэл базаахаар ирсэн малчид хотод сүүлийн 100 жилд бугшсан “халаасчдын” халдлагад өртөн байнга л хохирч, эд зүйлээ буцааж олж авсан нь бараг л үгүй.
Хоногийн хоол, хувцасныхаа мөнгийг бусдын халаас тэмтрэн олж байгаа тийм нөхөдтэй өнөөдөр цагдаагаас өөр тэмцэж байгаа байгууллага алга.
Хулгайчид эд зүйлээ алдсан тухай гомдлыг цагдаа бүртгэж аваад, эрэн сурвалжилдаг ч иргэд бидний хайхрамжгүй, хэнэггүй зан хулгайчийг олдохгүй байх нөхцөл байдалд хүргэдэг. Хажуудаа ямар хүн зогсож байгааг бид өнөөдөр тэр бүр анзаардаггүй.
Нийтийн тээврийн унаанд чихээ бөглөн хөгжим сонсож, ертөнцөөс тасарч явахдаа л утсаа алдчихсан байх тохиолдол ч бий. Уг нь иргэд халаасны хулгайн гэмт хэрэгтэй өөрсдөө зоригтойхон тэмцдэг бол хулгайч хоёр алхахгүй л баригдахсан.
Гэтэл хүний цүнхийг хулгайч ухаж байгааг харсан хэрнээ өрөөлийн үйлдэл өөрт минь хамаагүй гэж хараагүй юм шиг өнгөрөөдгөөс тэд даварсан гэхэд нэг их буруутахгүй. Эсвэл хулгайч “надад халдаж болзошгүй” гэж айхдаа амандаа ус балгасан юм шиг өнгөрөөх нь ч байдаг.
Уг нь цагдаагийнхан автобусны буудал, зах, томоохон худалдааны төв зэрэг олны хөлийн газарт анхааруулга, сэрэмжлүүлэг тавьдаг. Түүнийг уншсан иргэд өөрийн эд зүйлдээ тавих хяналтаа сайжруулах сэдэл төрдөг нь судалгаагаар тогтоогдсон зүйл.
Зарим газарт “Нарантуул”, “Номин” гээд олон нийтэд үйлчилдэг байгууллагын ханан дээр “Хулгайчаас болгоомжил” гээд хэд хэдэн хүний зургийг өлгөсөн байдаг.
Гэтэл иргэдэд сэрэмжлүүлсэн уг зургийг “хүний эрх зөрчиж байна” хэмээн ХЭҮК (Хүний эрхийн үндэсний комисс)-оос буулгахыг шаардсан гэх. ХЭҮК гэж хулгайч, шоронд хүмүүжигчийн эрхийг л хамгаалах талаар ярьдаг болохоос хулгайчид эд зүйлээ алдсан, бусад төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн талаар дуугарах нь цөөн нэг байгууллага байна.
Уг нь “халаас тэмтэрдэг” этгээдүүдийн зургийг хараад иргэд хяналтаа сайжруулж, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх боломжтой шүү дээ. Хулгайчийн эрхийг тус комисс хамгаалаад байдаг.
Гэтэл комиссийн гишүүнийх нь гэрт хулгайч нь “морилж” үнэт зүүсгэл, гоёл эд зүйлийг нь цөлмөөд зугтсан хэрэг гарч, илэрсэн үгүй нь тодорхойгүй л байгаа.
Халаасчид “ажлаа” хийж, иргэд эд зүйлээрээ хохирч байхад хэнийх нь төлөө дуугарвал ХЭҮК-ийнхон илүү “коко” авах бол доо.
КАМЕР ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДДАГГҮЙ
Нийслэлийн хэмжээнд өдөрт хэчнээн хулгайн хэрэг гарч, хэдэн хүн хохирч байгааг тооцоход бэрх. Цагдаагийн байгууллагад өдөрт халаасны хулгайтай холбоотой 15-20 гомдол, мэдээлэл хүлээн авдаг.
Цагдаад ханддаггүй, “тэртээ тэргүй олдохгүй” хэмээн орхидог нь үүнээс ч олон. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хоногт энэ төрлийн 5-6 хэргийг үйлдэл дээр нь юм уу, хэрэг гараад удаагүй байхад, мөн тооны хэрэг нөхөн илрүүлдэг гэсэн баримт бий.
Өнгөрсөн баасан гаригт гэхэд нийслэлийн хэмжээнд 100 гаруй гэмт хэрэг гарсны 60 гаруй хувь нь хулгайн хэрэг байж. Тэр дундаас халаасны хулгайн зургаан хэргийн хохирогч нь цагдаад хандсан байх юм.
Энэ сарын 6-ны ням гаригт халаасчдад эд зүйлээ алдсан долоон хүн цагдаад мэдэгджээ. Үүний цаана мэдэгдээгүй нь хэчнээн байгааг хэн ч таашгүй. Олон нийтийн сүлжээгээр эд зүйлээ алдсан талаараа өөрийн хуудсандаа л бичсэнээс биш цагдаад хандсан нь цөөн байдаг гэдгийг дээрх хэлтсийнхэн хэлж байгаа.
Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар халаасны хулгайн 500 гаруй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Жилийн ихэнх хоног өнгөрчихөөд байхад ийм цөөн хэргийг цагдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь өнөөдөр мөрдөж буй хуультай холбоотой.
Хохирлын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөг хүрээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэлгүй, азгүй нэгэн халаасчин баригдсан ч 20 мянган төгрөгөөр торгоод л явуулдаг гэсэн. Тийм хулгайч цагдаагийн газрын үүдээр гармагц дахиад л өөр хэн нэгнийг ангуучилж хохироодог.
Монголчууд бид машиныхаа толь, хучлага, гар утас, хоттой хониноосоо алдчих вий хэмээн айдас түгшүүр дунд хорвоогийн нэг өдрийг өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгэхээр монголчууд бид нар хулгайч нарт үнэндээ дарлуулж байна гэхэд хилсдэхгүй.
Цагдаагийнхан уг нь халаасчидтай тэмцэхийн тулд олон л ажил хийж, гудамж талбай, автобусны буудлын орчимд хяналтын камер суурилуулсан. Үүнийх нь үр дүн зах зухаасаа гарч Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн камерийн бичлэг шүүгээд өөрсдийнхөө хяналтад байдаг этгээдийг дор нь таньж холбогдуулан шалгадаг.
Шинэ “нөхдийг” судалж олдог юм билээ. Харамсалтай нь, сүүлийн үед Улаанбаатар хотын Цагдаагийн газрын мэдэлд байдаг 40 гаруй телекамераас 20-иод нь ажиллахгүй, Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлаастад хэдэн жилийн өмнө суурилуулсан, өдгөө ч хэл ам таталсаар байгаа камер нь “0” зогсолт хийсэн байгаа аж.
Энэ манай төр засаг, цагдаа, бусад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа буруу замаар явдагтай холбоотой. Камер, гэрэлтүүлэгтэй газарт гэмт хэрэг гарах нь бага байдаг нь судалгаагаар тогтоогдчихсон.
Ийм байтал нийслэлийн гудамж талбайд байгаа 1000 гаруй камерыг нэгдсэн удирдлагын төвтэй болгож, мэргэжлийн боловсон хүчнээр ханган, ЦЕГ-ын харьяанд “Цахим цагдаа” ч гэдэг юм уу, нэг нэгж байгуулсан бол энэ олон камер ажиллахгүй болохгүй, үр ашиггүй зардал гарахгүй байсан биз ээ.
Г.РАВЖАА