УИХ Эрүүгийн хуулийг энэ сарын 3-нд шинэчлэн баталж, 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон билээ.
Анхдугаар Үндсэн хуулийг 1921 оноос боловсруулж эхэлсэн гэж үзвэл 1926, 1929, 1934 оны Шүүх цаазын бичиг, 1942, 1961, 1986, 2002 оны Эрүүгийн хууль залгамж чанартай. Эдгээр хууль нь тухайн цаг үеийн улс төр, үзэл суртлыг агуулж, түүхэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж иржээ.
1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн харилцааны өөрчлөлтийг харгалзан 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг хуулиар хамгаалахдаа гэмт хэрэг, зөрчлийн шинжийг ялгамжтай байдлаар, өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өөрчилж, томъёолохоос гадна шинээр хамгаалах шаардлагатай нийгмийн харилцаа, хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг баталгаажуулахад Эрүүгийн хуулийн шинэтгэл чиглэж байгаа аж.
Түүнчлэн орчин үед гарч буй шинэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, хүнийг эрүүдэн шүүх, орон байранд хууль бусаар халдах, нэгжих, эд хөрөнгө хураан авах, битүүмжлэх, зөвшөөрөлгүй мөрдөж мөшгих, баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэргийг хуульд тусгажээ.
Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас бодитой хамгаалахын тулд хувь хүнээс гадна хуулийн этгээдийг гэмт хэргийн субьектэд тооцож, хариуцлага хүлээлгэх зохицуулалт оруулснаар манай улс олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Нийгэмд шударга ёс тогтоох, аливаа гэмт халдлагаас нийгэм, төр, иргэний аюулгүй байдлын баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, тухайн цаг үеийнхээ улс төр, эрх зүйн соёл, ухамсар, үнэт зүйлсийг хамгаалах нь Эрүүгийн хуулийн онцлог.
Зарим судлаачийн үзэж буйгаар Эрүүгийн хууль айлгах замаар гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлдэг онцлогтой гэнэ. Гэтэл удахгүй хэрэгжих гэж буй хуулийг хэт энэрэнгүй, гэмт хэрэгтнүүдэд ээлтэй, хохирогчдод халтай боллоо гэж үзэж буй аж. Харин хууль санаачлагчид нь манай өмнөх Эрүүгийн хууль “шоронжсон хууль” байсан.
Учир нь 2012 онд шүүхээр нийт хэргийн 80 орчим хувь нь хорих ялаар шийтгэгдэж байсан. Ингэснээр жилд дунджаар 5000-5200 хүн хорих ялыг биечлэн эдэлдэг байсан нь хоригдлуудын тоог 8000 хүртэл өсгөсөн гэнэ.
Иймд Эрүүгийн хуулийг илүү нарийн зохицуулалттай, хорих ялаас аль болох зайлсхийх, өөрөөр хэлбэл, энэрэнгүй тал руу нь дөхүүлж шинэчлэх зүй ёсны шаардлага гарсан гэж үзэж буй аж.
Эрүүгийн хуульд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгож, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг үйлдлийн шинжээр нь зөрчлөөс ялган заагласан байна.
Уг хууль нь бүтцийн хувьд ерөнхий, тусгай ангитай, нийт 30 бүлэг, 273 зүйлтэй аж. Үүнээс ерөнхий анги нь есөн бүлэг, 68 зүйлтэй.
Одоо хэрэгжиж буй Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэргийн ангиллыг хуулиас хасаж, зөвхөн гэмт хэргийн шинж чанар буюу үйлдлээр нь тодорхойлдог болсон байна.
Мөн ялын төрлийг ч нэмэгдүүлж хорих, торгохоос гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ялыг шинээр нэмсэн аж.
Тухайлбал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан бол нэг удаа ял, хариуцлагаас чөлөөлөх, эрх чөлөө, зорчих эрхийг хязгаарлах, эсвэл тэнсэх ял шийтгүүлсэн этгээд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн бол ялыг биечлэн эдлүүлэх буюу хорих ялаар солих юм байна.
Гэхдээ энэ нь одоо хэрэгжиж буй хуульд заасан “давтан гэмт хэрэг”-тэй холбоогүй гэнэ. Мөн хөнгөн ялыг хүндэд нь багтаадаг байсан бол одоо үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оноохоор болжээ.
Гэмт этгээдэд оноох ялын бас нэг шинэ төрөл нь гэрийн хорионд байлгах. Үүнийг зориулалтын төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжүүлэх юм. Мөн торгуулийн ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний илтгэлцүүрээр тогтоодог байсныг тооцооны нэгжээр тогтоож байхаар болгосон.
Нэг тооцооны нэгж нь хоёр мянган төгрөг байхаар тогтжээ. Гэхдээ тухайн жилийнхээ ханшийн өөрчлөлт, инфляцаас хамаараад УИХ зөвхөн тооцооны нэгжийг хэдэн төгрөгтэй тэнцүүлэхийг шийдэх боломжтой юм.
Мөн манай улс цаазын ялыг бүрэн халсан дэлхийн 102 дахь орон болсон. Өмнө нь цаазын ял Эрүүгийн хуульд байсан ч ялтны хүсэлтээр Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, бүх насаар нь хорих ял болгон өөрчилдөг байжээ.
Олон нийтийн цахим сүлжээнд иргэд “Монгол Улсад цаазын ял хэрэгтэй. Хэрэгтнүүдэд энэрэнгүй хандаж, бидний татварын мөнгөөр тэднийг тэжээх хэрэггүй” гэж бухимдацгаадаг. Тэгвэл энэ талаар Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Цаазын ял байх нь нөгөө талаараа хэрэгтнийг өөр гэмт хэрэгт түлхэх эрсдэлтэй.
Үүнийг холбогдох судалгаанаас харж болно. Жишээлбэл, гэмт этгээд нэг хүн алсан бол цаазаар авахуулна гэдгээс айхдаа гэрч үлдээхгүй гээд дахин хүн хөнөөх магадлал нэмэгддэг” гэж ярьж байв. Магадгүй л юм.
Гэхдээ л цагдаагийн байгууллагынхан ямар ч гэрчгүй байсан хүн амины хэргийг илрүүлж чаддаг шүү дээ.
Энэ хуулийн зүйл бүрт гэрийн хорионд байлгах гэсэн шинэ ял бий. Тэгэхээр иргэдийнхээ ухамсар, хүн чанар, төхөөрөмжид найдсан гэж хэлж болохоор юм шиг.
ОНЦЛОХ ЗААЛТУУД
Удахгүй хэрэгжих Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг уншигчдадаа онцлон танилцуулъя.
Одоо хэрэгжиж буй хуулийн 92 дугаар зүйлд “Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Тэгвэл шинэ хуулийн 10.5 дугаар зүйлд “Эх нь сэтгэцийн гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Нярай гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй хүүхдийг ойлгоно гэж хуульд талбарласан байна. Харин эмч нар гүйцэд төрсөн бол 28, дутуу төрсөн бол 60 хүртэлх хоногтой хүүхдийг нярай гэж хэлдэг юм байна.
Тэгэхээр хуулиар бол дөрөв хоногтой хүүхэд нярай биш болж таарах нь.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 166 ДУГААР ЗҮЙЛ БУЮУ
МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ
-“Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсвэл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсвэл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсвэл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Харин шинэ хуульд энэ гэмт хэрэгт “Дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Арай л бага шийтгэл. Одоогийн хуулиар энэ хэргийг үйлдсэн хүн торгуулийн ял авлаа гэхэд 19 сая 200 мянган төгрөгөөр торгуулдаг байж. Харин шинэ хуулиар бол 9 сая 340 мянган төгрөгөөр л торгуулах болж.
ИНФОГРАФИК

БАЙР СУУРЬ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Энэ талаар зарим хүний байр суурийг сонслоо.
ЯЛЫН БОДЛОГО ТАЛААС ХАРАХАД ХОХИРОГЧДОД
ЭЭЛГҮЙ ХУУЛЬ БАЙНА
Ц.Монгол (“Монголын хуулийн корпорац” хууль зүйн фирмийн захирал, өмгөөлөгч)
-Шүүх хэрэглэх боломжтой сайн хууль гарсан гэж үзэж байна. Гэхдээ зарчмын том алдаатай гэж хэлж болно. Гэмт хэрэгтнүүдэд ээлтэй, хохирогч буюу иргэдэд халтай байж болохоор хууль гарав уу гэж бодож байна. Эрүүгийн хуулиар нийгмийн аюулгүй байдал иргэдийн амь насыг хамгаалдаг.
Ингэхийн тулд ялын хатуу бодлого баримтлах ёстой. Гэтэл ялын бодлого суларсан байна. Тухайлбал, хүн амины онц ноцтой гэмт хэргүүдэд оноох ялын хэмжээ 5-10 жилээр буурчээ. Санаатайгаар онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах ял маш хүнд байх ёстой.
Гэмт хэрэг үйлдэхгүй бол ийм ял эдлэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн шинэ хуулийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлсэн агуулга, шинж чанараа алдсан байна гэж үзэж байгаа. Хүний амь хороосон онц ноцтой хэрэг үйлдсэн хүмүүсийг бүх насаар нь хорих ял оруулсан нь зөв.
Гэхдээ 25 жил ял эдэлсний дараа чөлөөлөх, эсэхийг шийднэ гэсэн байна. Үүнийг 30-35 жил гэдэг юм уу, хугацааг нь нэмэхгүй бол бүх насаар нь хорих ял өглөө гэж хохирогч ойлгоход гэмт хэрэг үйлдсэн хүн 25 жил болоод суллагдах тал ажиглагдаж байгаа юм.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж байна. Эрүүгийн хариуцлага гэдэг залхаан цээрлүүлэх шинжтэй айдас төрүүлэх, гэмт хэрэг гарах нөхцөлийг хязгаарлах, төрийн сүр хүчийг харуулах ёстой. Гэмт хэрэг хариуцах чадвартай насыг 14 гэж үзсэнд шүүмжлэлтэй хандаж байгаа.
Хуулийн төсөлд хүүхэдтэй холбоотой асуудлыг хатуу чанга тусгасан байсан. Төслийг буцаан татаж, дахин оруулахдаа цөөн гэмт хэрэгт 14-өөс дээш насны хүүхдийг хамруулахаар заасан байна лээ. Гадаадын хуулиас хуулсан, төсөлд тусгасан зүйл заалтууд ихээхэн өөрчлөгдсөн байна.
Гэмт хэргийн гаралтад уялдуулж ялын бодлогоо тодорхойлж чадаагүй гэж үзэж байгаа. Жишээ нь, манай улсад танхай, хулгайн гэмт хэрэг хавтайрч байгаа энэ үед ялын хэмжээг чангалах ёстой. Гэтэл эсрэгээр нь бууруулжээ.
Шоронд хорих шаардлагагүй хүмүүсийг хорьдог байсан нь үнэн. Үүнийг л өөрчлөхөөс хавтгайд нь зөөлрүүлж болохгүй.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДЭД ЯЛ НОГДУУЛАХ ГЭСЭН
ТУСДАА БҮЛЭГ ОРУУЛСАН
Б.Гантуяа (Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын мэргэжилтэн)
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ялын бодлогыг тусгахдаа төрлийг нь олон болгосон. Ингэснээр шүүх энэ хуулийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүнд ялын олон төрлөөс ногдуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хорьж цагдахаас илүү өөр ял оноож болохоор болсон.
Тухайлбал, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялын шинэ төрөл оруулсан. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өртсөн нөхцөл, шинжид нь тааруулан тохирох ял хэрэглэх юм.
Гэм буруугаа хүлээн, илчилсэн хүний ялыг хөнгөрүүлэх зохицуулалт оруулсан. Хүчин төгөлдөр хэрэгжиж буй одоогийн Эрүүгийн хуульд мөн ийм зохицуулалт бий. Гэхдээ яаж хөнгөрүүлэх, хэнд, яаж хэрэглэх нь тодорхой биш.
Үүнийг тодорхой болгосон. Хохирлоо нөхөн төлсөн үү, хохирогчтой эвлэрсэн үү зэрэг олон үндэслэлд харгалзан ялыг хөнгөрүүлэх тусгай зохицуулалт оруулсан гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, алдаагаа ойлгож, засаж залруулах талаар өөрчлөлт гарч байгаа хүний ялыг хөнгөрүүлэх боломж нээлттэй болсон. Эрүүгийн шинэ хуульд Өсвөр насны хүнд ял ногдуулах гэсэн тусдаа бүлэг оруулсан. Мөн хуулийн этгээдэд ял ногдуулах зохицуулалт шинээр орж ирсэн.
Хуулийн этгээдийн өмнөөс ажил хийж байгаад эрүүгийн хариуцлага хүлээдэг тохиолдол маш элбэг. Жишээлбэл, удирдах зөвлөл нь шийдвэр гаргаад хийсэн байхад гүйцэтгэх захирал, менежерт ял ногдуулж хорьдог.
Энэ тохиолдолд зөвхөн хуулийн этгээдэд ял ногдуулах, төрлүүдийг нь маш тодорхой заасан. Бас нэг гол онцлог нь цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиас хассан. Харин бүх насаар нь хорихоор зохицуулсан. Ингэхдээ хэр хүмүүжсэнээс хамаарч ялыг хөнгөрүүлэх юм.
ДЭЛХИЙН ЖИШИГ
ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ 30 ХҮРТЭЛ ЖИЛ
ХҮЛЭЭДЭГ ОРОН Ч БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд цаазаар авах ялыг халах тухай санаачилга гаргаж, иргэдийн нэг хэсэг нь үүнд таатай хандаж буй бол олонх нь уг ял Эрүүгийн хуульд байх ёстой, ийм ял үйлчлэх хэрэгтэй хэмээн үзэж буй.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт баталж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бүрмөсөн халсан юм. Хүний амь насыг төр өөрөө егүүтгэхгүй нь сайн хэрэг.
Гэвч нөгөө талаараа хуульд бүх насаар нь хорих гэдэг ял шийтгэл оруулсан нь иргэддээ харгис хэрцгий хандаж буй хэлбэр хэмээн судлаачид хэлэх юм билээ.
Дэлхийн улс орнууд Эрүүгийн буюу ял шийтгэл ногдуулах хууль батлахаасаа өмнө хүнд гэмт хэрэг үйлдэхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлдэг, түүнээ хуульчилдаг. Барууны өндөр хөгжилтэй, хүнээ дээдэлсэн орнууд иргэдээ гэмт хэрэг үйлдэхгүй байх орчин нөхцөлийг нь хамгийн түрүүнд бий болгодог.
Тиймдээ ч барууны орнуудад хулгайд эд зүйлээ алдах гэсэн ойлголт байхгүй. Иргэдээ тэжээж чадахгүй учраас хүмүүс хоол олж идэхийн тулд хулгай хийж байна гэж үздэг аж.
Харин манайд эсрэгээрээ орчин нөхцөлөө бүрдүүлээгүй атлаа иргэдээ бүгдийг нь гэмт хэрэг хийнэ гэж үзсэн гэмээр байдлаар Эрүүгийн хуулиа баталчихлаа.
Зарим гэмт хэрэг зөрчилд тооцогдохоор болж, ял шийтгэл хөнгөрсөн нь сайн. Харин байх ёстой зарим заалтыг авч хаясанд иргэдийн олонх нь дургүйцэж, цаазын ялыг заавал байх ёстой гэж үзэж буй.
Энэ онд Фижи, Мадагаскар, Суринейм улсын хамтаар цаазаар авах ялыг бүрмөсөн халсан орны тоонд Монгол орж, энэ төрлийн ял шийтгэлгүй 102 дахь орон болсон.
Эрүүгийн эрх зүйн зарим судлаач “Цаазаар авах ялыг бүрмөсөн халах нь дэмий байсан юм. Харин ч цаазаар авахуулахгүй гээд онц ноцтой, олон хүний аминд хүрсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж болзошгүй.
Цаазаар авах ял магадгүй онц аюултай, олон хүний амь насанд хүрсэн, терроризмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр байж болох байсан” гэж буй юм.
Манай улсад гэм буруугүй хүнд цаазаар авах ял шийтгэл оноосон гээд Дээд шүүхээс түүнийг цагаатгаж, улмаар улсаас нөхөн төлбөр тухайн хүнд оноож байсан тохиолдол бий.
Гэм буруугүй хүнийг цаазаар аваачвал түүнийг цагаатгасан ч, эргээд босгож ирж чадахгүй учраас цаазын ялыг хэрэглэхдээ няхуур байх нь зөв байсан уу гэвэл тийм. Дэлхийн зарим улс оронд цаазаар авах ял ногдуулчихаад гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа төд удалгүй гүйцэтгээд байдаггүй.
Магадгүй төр тухайн хүний гэм буруутай, эсэхийг сайтар нягтлалгүй егүүтгэчих вий гэсэн болгоомжлолын үүднээс тодорхой хугацаанд сайтар нягталдаг аж.
Манай хоёр хөршид ял шийтгэл гүйцэтгэхийг тодорхой хугацаанд хойшлуулдаг бол Европын зарим орон ялын гүйцэтгэлээ 30 хүртэл жил хойшлуулан гэм буруутайг нь хангалттай нотлох, шинээр нөхцөл байдал илрэхгүй болтол нь хүлээсний эцэст сая цаазалдаг гэнэ.
Судлаачдын нэг хэсэг нь цаазлах ялыг байхгүй болгосон нь зөв гэж үзэж байгаа бол зарим нь дэлхийн улс орнууд шиг тодорхой хугацаанд хүлээж, болгоомжлолоо сайтар нягтлаад хэрэгжүүлсэн нь Монгол Улсын нөхцөлд тохирно гэж байгаа юм.
Г.ЦОЛМОН
ЭШЛЭЛ
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Шинэ Эрүүгийн хуулийг мэргэжлийн түвшинд авч үзвэл эргэлт авчирсан хууль болсон.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Гүтгэх хэрэгт хэвлэлийнхэн их холбогддог. Үүнийг далимдуулаад эрүүгийн хэрэг үүсгээд хэвлэлийн амыг барьж байна гэсэн шүүмжлэл гарсан учраас Зөрчлийн хууль руу оруулж, торгох шийтгэл ногдуулдаг болсон.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хүнд хүн алах эрх байхгүйтэй адил төрд ч тийм эрх байх ёсгүй.
Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболд: Нэг нь ял аваад нөгөө нь хохироод үлддэг зүй тогтлыг арилгана.
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат: Гэмт хэрэг үйлдсэн хүн бусдад учруулсан хохирлоо төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх асар их боломжийг энэ хуулийн төсөлд тусгасан.
Х.АЗЖАРГАЛ